Өндөр гэгээний бүтээлүүдийн технологийн онцлогийг шинжлэн судлах шаардлага нэн тулгамдаж байна

Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 18 //. Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейн 60 жилийн ойг тохиолдуулан “Нүүдэлчдийн урлахуй ухааны үнэт өв, ой санамж” эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.

Энэхүү хурлыг Монголын музейн салбарт оруулсан хувь нэмэр, тус музей дэх монголчуудын оюун санааны дархлаа болсон үзмэр, цуглуулгын урлал, хийц, технологийн талаар судалсан үр дүнг хэлэлцэх зорилгоор зохион байгуулж байна. Мөн Монголын урлахуй ухааны өвийг шинэ эх сурвалж, шинэ арга зүй, харьцуулсан судалгааны үүднээс авч үзэх, Монголын соёлын өвийн судалгааг олон улсын шинжлэх ухааны эргэлтэд оруулах салбар хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, Монголын дүрслэх урлаг, музей судлал, соёлын өвийн судалгаанд бодит хувь нэмэр оруулахад оршиж байна.

Дүрслэх урлагийн музей нь Монголын эртний дүрслэх урлагийн шилдэг, хосгүй, дахин давтагдашгүй бүтээлүүдийг хадгалж, хамгаалж байна. Тэдгээр үнэт өвөөрөө дамжуулан ирээдүй хойч үедээ түүх, соёлын ямар ойлголт, мэдлэг, үнэт зүйлийг хүргэж, төлөвшүүлэх тухай асуудлыг эрдэм шинжилгээний хурлын үеэр онцлон хэлэлцэж буйг зохион байгуулагчид нь тодотгож байлаа.

Өндөр гэгээний бүтээлүүдийн технологийн онцлогийг шинжлэн судлах шаардлага нэн тулгамдаж байна “Дүрслэх урлагийн музейг 1966 онд байгуулсан. Гэхдээ музей байгуулах асуудлыг 1947 оноос ярьж эхэлсэн байдаг. Тийнхүү 19 жилийн турш төлөвлөгөө боловсруулж, төсөл хэлэлцэж, байр сав болон бусад зохион байгуулалтын асуудлыг шийдвэрлэсний эцэст 1966 онд үүд хаалгаа нээсэн түүхтэй. Харин хөгжлийн тухайд, музей байгуулснаас хойших 60 жилийн хугацаанд үндсэн чиг үүргийнхээ хүрээнд эрдэм шинжилгээ, судалгаа, хадгалалт хамгаалалт, сэргээн засварлалт, олон нийтийн боловсролын хөтөлбөр зэрэг олон талын үйл ажиллагааг хэрэгжүүлж ирсэн. Музейн сан хөмрөгт хадгалж буй нийт үзмэрийн хувьд үзүүлгийн танхимын зай талбайн хязгаарлалтаас шалтгаалан ердөө 10 орчим хувийг нь байнгын үзэсгэлэнгээр олон нийтэд толилуулж байна. Харин үлдсэн бүтээлүүдийг тусгай үзэсгэлэнгээр дамжуулан сан хөмрөгөөс гаргаж, олон нийтэд хүргэдэг. Ингэснээр хадгалалтад байгаа бүтээлүүдийг иргэдэд таниулахын зэрэгцээ эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах томоохон боломж бүрддэг” гэдгийг онцолж байв.

Өндөр гэгээний дэг хийцийн бүтээлүүдийн дийлэнх буюу 92 хувь нь тус музейн сан хөмрөгт хадгалж байна. Өөрөөр хэлбэл, нийт 108 бүтээлийн маш цөөн хэсгийг нь л өдгөө олон нийтэд ил байдлаар дэлгэж байна.

Тиймээс сан хөмрөгт хадгалж буй эдгээр бүтээлийг судлаачдад нээлттэй болгож, эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах нь нэн чухал юм.

Богд Хааны ордон музейн захирал, доктор Ц.Гүнчин-Иш илтгэлдээ, Өндөр гэгээн Занабазарын урлагийн судалгааны өнгөрсөн болон өнөөгийн түвшнийг тоймлон авч үзэж, цаашид судалгааг ямар чиглэлээр хөгжүүлэх, ямар асуудлыг нэн тэргүүнд судлах шаардлагатайг тодорхойллоо.

Тэрбээр Өндөр гэгээн Занабазарын бүтээлүүдийг урлагийн онолын түвшин дэх судлагаа тодорхой хэмжээнд хөгжиж, зохих үр дүнд хүрсэн нь томоохон ололт гэдгийг онцолсон юм. Харин цаашид Өндөр гэгээний бүтээлүүдийг бүтэц, найрлага, дотоод элементийн түвшинд нарийвчлан судлахаас гадна бүтээж туурвисан арга ажиллагаа, технологийн онцлогийг шинжлэн судлах шаардлага нэн тулгамдаж байгааг тэмдэглэв.

Түүнчлэн Өндөр гэгээн Занабазарын өөрийнх нь бүтээл, түүний үед урланд нь бүтээсэн бүтээл, хамтран ажиллаж байсан шавь нарын бүтээл, Өндөр гэгээний урлагийн арга барилыг даган дуурайсан уран бүтээлчдийн бүтээл аль нь болохыг нарийн ялган тогтоох шаардлагатай байгаа тухай асуудлыг илтгэлдээ дурдав. 

Сүүлийн арав гаруй жилийн хугацаанд Сарьдагийн хийдийн тууринд хийсэн археологийн малтлага, судалгааны үр дүнд олон шинэ олдвор илэрчээ. Өндөр гэгээн Занабазарын байгуулсан Сарьдагийн хийдээс шавар баримал, бурхны дүрслэл зэрэг урлагийн олон төрлийн бүтээл илэрсэн нь түүнийг шавар баримлын урлалын чиглэлээр бүтээл туурвиж байсныг нотлох чухал баримт болж байгаа ажээ.

Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейг 1966 оны 7 дугаар сард Ардын зураач О.Цүлтэмийн 300 гаруй цуглуулган дээр үндэслэн байгуулжээ. Монгол Улсын Эрдэнэсийн санд ховор нандин, дахин давтагдашгүй 200 гаруй уран бүтээл бүртгэсэн байдгаас 50 гаруйг нь Г.Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд хадгалдаг байна.

Өндөр гэгээний бүтээлүүдийн технологийн онцлогийг шинжлэн судлах шаардлага нэн тулгамдаж байна

Өндөр гэгээний бүтээлүүдийн технологийн онцлогийг шинжлэн судлах шаардлага нэн тулгамдаж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн