Кино урлагаар дамжуулан нийгэмд эерэг өөрчлөлт бий болгохыг уриалдаг “Inspiring Asia” бичил кино наадмын Монгол дахь үндэсний шалгаруулалт болж, олон улсад өрсөлдөх шилдэг бүтээлүүдээ тодрууллаа.
Тав дахь жилдээ зохион байгуулж буй тус наадам энэ жил “Нэгдье, Бэхэжье, Хөгжье” сэдвийн дор Азийн найман бүс нутагт зэрэг зохион байгуулсан бөгөөд Монгол Улс анх удаа үндэсний шалгаруулалтаа хийсэн нь энэ юм. Энэ жилийн наадмын зорилго нь хүмүүс хамтын хүчээр гэрэлт ирээдүйгээ хэрхэн бүтээж буйг харуулахад чиглэжээ. Оролцогчид хүүхэд хамгаалал, байгаль орчин, боловсрол, залуучуудын оролцоо, тэгш хүртээмж зэрэг нийгмийн тулгамдсан асуудлыг хөндөн, эерэг өөрчлөлт бий болгохыг зорьж буй төсөл, хөтөлбөрүүдээ кино урлагаар дамжуулан олон нийтэд хүргэсэн байна.
Үндэсний шалгаруулалтад нийт 26 бүтээл ирснээс “Шилдэг төсөл”, “Шилдэг бичил кино” ангилалд давхардсан тоогоор есөн бүтээл шалгарч, БНХАУ, Индонез, Филиппин, Сингапур, Тайланд, Вьетнам, Хонконгийн шилдэг бүтээлүүдтэй олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.
Наадамд оюутан, залуус, уран бүтээлчид, иргэний нийгмийн болон нийгмийн энтерпрайзын байгууллагуудын төлөөлөл идэвхтэй оролцжээ.
Шалгарсан бүтээлүүд:
“Шилдэг төсөл” ангилал
Ялагч:
“Ой өвийн өртөө” байгууллагын төсөл “Шилдэг төсөл”-өөр шалгарлаа.
Финалист:
Илгээлтийн багш НҮТББ-ын хэрэгжүүлдэг “Teach for Mongolia” фелловшип хөтөлбөр
Дэлхийн Зөн Монгол ОУБ-ын “Гэрээр айлчлагч аргачлал” төсөл
“Шилдэг бичил кино” ангилал
Ялагч:
Кристина Ноблийн Хүүхдийн Сангийн бүтээл, найруулагч Б.Түвшинзаяагийн “Dandelion: It Takes a Village to Raise a Child” бичил кино “Шилдэг бичил кино”-гоор шалгарлаа.
Финалист:
- Монгол Экологи Төвийн бүтээл, найруулагч О.Тэмүүжин-“An Ordinary Story of Batmunkh”
- Teach For Mongolia-ийн бүтээл, найруулагч Г.Ганцэцэг-“The Choice to Serve”
- Гэр өргөө ТББ-ын бүтээл, найруулагч Ц.Билгүүн, Э.Мөнхжин-“Looking for Us”
- Ойн өртөө байгууллагын бүтээл, найруулагч Б.Цэрэнбат-“Flight Home”
- Найруулагч Ч.Хулан, М.Мөнхгэрэл- “Өнөр бүл”
Эдгээр таван бүтээл финалистаар шалгарч, олон улсын шатанд өрсөлдөх эрхтэй боллоо.
Тусгай шагнал
Олон улсын уралдааныг Монгол Улсад зохион байгуулагч, бүс нутгийн албан ёсны хамтрагч Лоринэт сангийн нэрэмжит “Залуучуудын хэрэгжүүлж буй шилдэг санаачилга” тусгай шагналыг Нэгүдэлч зуслан НҮТББ-ын “Нүүдэлч зуслан” төсөл хүртлээ. Мөн кино наадмын дэмжигч Голомт сангийн нэрэмжит “Шилдэг төсөл” тусгай шагналыг “Nomad Ink” байгууллагын “Ink in Motion: The Story We Built Together” бүтээл хүртсэн байна.
“Inspiring Asia” наадмыг Монгол Улсад зохион байгуулахад Лоринэт сан бүс нутгийн албан ёсны хамтрагчаар ажиллаж, Голомт сан дэмжигч байгууллагаар оролцов.

