Өмнөговийн нутаг, Дорноговь, Дорнодын өмнөд хэсгээр өнөөдөр бороо ахиу орж, салхи шуургатай байх тул ЦУОШГ-аас болзошгүй аянга цахилгаан, мөндөр, нөөлөг салхи, үер усны аюулаас сэрэмжлүүлж байна.
Нутгийн зүүн хэсгээр үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Сүхбаатарын ихэнх, Хөвсгөл, Архангайн зарим, Булганы хойд, Төв, Дундговийн зүүн, Хэнтийн өмнөд сумдын нутгаар бага зэргийн бороо, Өмнөговь, Дорноговийн ихэнх, Дорнодын өмнөд сумдын нутгаар бороо, дуу цахилгаантай аадар, Хөвсгөлийн уулсаар бороо, цас орно. Салхи нутгийн өмнөд хэсгээр зүүн өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэх юм.
Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндий, говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 12-17, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун хэсгээр 22-27, бусад нутгаар 17-22 градус дулаан байна.
Улаанбаатар, Багануур, Тэрэлж орчмоор багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун хойноос секундэд 5-10, зарим үед 12-14 метр хүрч ширүүснэ. Нийслэлд өдөртөө 14-16, Багануурт 13-15, Тэрэлжид 12-14 градус дулаан байх ажээ.