Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа эхэллээ

Тулгар төрийн 2235 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 820 жил, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115 жил, Ардын хувьсгалын 105 жил, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойд зориулсан Үндэсний их баяр наадмын үндэсний сурын харваа эхэллээ.

Үндэсний сурын харваанд 850 харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байгаа бөгөөд энэ сарын 12-ны ням гарагт шилдгүүд тодорно. Үндэсний сурын харвааны хана харвааны эхэн өргийн эхэн, дунд болон дунд өргийн эхэн харваа өнөөдөр болох хуваарьтай.

Энэ жилийн хувьд түүхэнд байгаагүй олон харваач бүртгүүлсэнтэй холбогдуулан Монголын үндэсний харваачдын холбооны Тэргүүлэгчдийн хурлын олонхын шийдвэрээр түр журам мөрдүүлэхээр болжээ. Ингэхдээ Хана сурын харваанд 12 болон түүнээс доош оносон харваач хасаа сурын харвааг цааш үргэлжлүүлэхгүй байхаар зохицуулжээ. Мөн харвуул наадмын зохион байгуулалтад хүндрэл учруулан бүртгүүлээд ирээгүй, хүндэтгэн үзэх шалтгаангүй орхих, илт хазгай сум олон гаргаж аюулгүй ажиллагааны заавар зөрчих, харвааны дүрэм зөрчих зэрэг үйлдэлд ёс зүйн хариуцлага хүлээлгэх аж.

Монгол үндэстний төрт ёс, өв соёл, эрийн гурван наадмын салшгүй нэгэн бүрэлдэхүүн болох үндэсний сурын харвааны талбарт энэ өдөр өсвөрийн мэргэн харваачдын уухайн түрлэг цуурайтаж, цэц мэргэн сумны исгэрээ наадмын баярын эхлэлийг өргөж байна. Энэ нь үндэсний өв соёл, уламжлалт сурын харвааг өвлөн тээгч залгамж хойч үе улам олширч, хүүхэд багачуудын дунд үндэсний харвааны спорт өргөн дэлгэр хөгжиж буйн тод илэрхийлэл юм. Монгол үндэсний сурын харваа нь зөвхөн спортын төрөл төдий бус, харин олон зуун жилийн түүхтэй, үндэсний дархлаа болсон соёлын өв бөгөөд тэсвэр хатуужил, төвлөрөл, эв нэгдэл, ёс заншлыг түгээн дэлгэрүүлдэг үнэт өв билээ. Ийм учраас жилээс жилд сурын харваагаар хичээллэж буй хүүхэд залуусын эгнээ өргөжин тэлж байгаа нь үндэсний өв соёлоо хамгаалах, уламжлан хөгжүүлэх үйл хэрэгт онцгой ач холбогдолтой. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн