Тулгар төрийн 2235, Их Монгол Улсын 820 , Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 115, Ардын хувьсгалын 105, Ардчилсан хувьсгалын 36 жилийн ойн баяр наадмын Үндэсний шагайн харвааны насанд хүрэгчдийн ангиллын багийн харваа эхэллээ.
Энэ жилийн наадамд 105 багийн 840 орчим харваач цэц мэргэнээ сорин өрсөлдөж байна. 1991 оны баяр наадмын үеэр шагайн харвааны анхны улсын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулж, 1993 оноос албан ёсоор улсын цол, зэрэг олгож эхэлсэн. Харин 1998 оноос Үндэсний их баяр наадмын хөтөлбөрт багтсан түүхтэй бол 2000 онд Төв цэнгэлдэх хүрээлэнд шагайн асрыг ашиглалтад оруулж байсан юм. Улмаар 2014 оны арваннэгдүгээр сарын 27-ны өдөр шагайн харвааг ЮНЕСКО-ийн “Хүн төрөлхтний соёлын биет бус өвийн төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн түүхтэй.
Шагайн харваа нь монголчуудын үндэсний уламжлалт спортын нэгэн төрөл бөгөөд харваачдад болон залуу үеийнхэнд бие бялдар, гоо сайхны хүмүүжил олгох, эрүүл мэнд, сэтгэл зүйн хатуужлыг бэхжүүлэх, хамт олонч байх, ахмад үеэ хүндэтгэх уламжлалт ёс, жаягийг өвлүүлэх үндсэн зорилготой аж.
Малыг гаршуулж эхэлсэн цагаас шагайн наадгайн үүсэл эхэлсэн гэж үздэг. Түүхийн хуудсыг сөхөн үзвэл Мөнх хаан дайны бус цагт цэргүүдийнхээ сум тавих эрхий хурууны эрчийг хариулахгүй байлгах, нарийн мэдрэмж, тэсвэр хатуужил олгох, эр зориг, цэгцтэй ур чадварыг бий болгох үүднээс шагайн харваагаар наадуулж байсан гэдэг. Монголчууд шагайгаар бөгцөг харвах, морь уралдуулах, алаг мэлхий өрөх, дөрвөн бэрх, цагаан тэмээ цохих зэрэг олон төрлийн тоглоом тоглодог бөгөөд эдгээр нь уламжлагдан өнөөг хүрэхдээ “Шагайн харваа” хэмээх спорт болтлоо хөгжжээ.