Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 24 //. Улаанбаатар хотод үргэлжилж буй НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай конвенцын Талуудын 17 дугаар бага хурал (UNCCD COP17)-д Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яамнаас анх удаа биечлэн төлөөлөгчдөө илгээжээ.
Бага хурлын үеэр Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яам наймдугаар сарын 21-ний өдөр “Байгаль орчноо сэргээх хөдөө аж ахуй ба тогтвортой газар нутгийн менежмент: Японы шинэлэг технологи ба арга барил” сэдэвт дэд арга хэмжээг зохион байгуулж, төр, хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын байгууллагуудын хамтын ажиллагаагаар тогтвортой газар нутгийн менежментийг дэмжих талаар идэвхтэй хэлэлцүүлэг өрнүүлэв.
Энэ үеэр Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яамны Экспорт, олон улсын хэлтсийн Олон улсын стратеги хариуцсан мэргэжилтэн Кавашима Юүтакатай ярилцаж, Монгол Улстай цаашид хамтран ажиллах боломж болон анх удаа манай улсад зочилсон сэтгэгдлийг нь сонслоо.
-Монголд зохион байгуулагдаж буй COP17-д ямар хүлээлттэйгээр оролцож байна вэ?
-Энэ удаагийн COP17 нь “RESTORING LAND, RESTORING HOPE” гэсэн сэдвийн дор зохион байгуулагдаж байна..Сүүлийн жилүүдэд газар, хөрсний доройтолтой тэмцэх нь дэлхий дахинд нэн чухал асуудал болж байгаа учраас бид ч бас энэ удаагийн Монгол Улсад зохион байгуулагдаж талуудын хуралд оролцохоор шийдсэн. Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яамны хувьд UNCCD COP-д биечлэн оролцож байгаа нь анхны тохиолдол юм
-Бодитоор оролцоод үзэхэд ямар сэтгэгдэл төрөв?
-Бидний зохион байгуулсан дэд арга хэмжээнд маш олон хүн сонирхон оролцсон. Мөн энэ удаагийн COP-гийн гол сэдэв болох “Эх байгалиа сэргээх” зорилтод хүрэхийн тулд тариаланчдад ашиг шим авчрах санаачилга, тогтвортой бизнесийн загварыг бий болгох нь зайлшгүй чухал гэдгийг дэд арга хэмжээгээр дамжуулан илүү баттай мэдэрлээ.
Технологи нэвтрүүлэх гол түлхүүр нь “Тариаланчдын хүртэх ашиг шим” болон “Сэтгэхүйн өөрчлөлт”
-Дэд арга хэмжээний үеэр технологийг нэвтрүүлж суурьшуулах, түгээхэд хувийн хэвшил, эрдэм шинжилгээний байгууллага, олон улсын байгууллагуудын хамтын ажиллагааны талаар хэлэлцсэн. Эцэст нь ямар дүгнэлтэд хүрсэн бэ?
-Панелистүүдийн мэтгэлцээнээс “шинэ технологи бүтээсний дараа түүнийг хүлээж авах талын бэлэн байдлыг хэрхэн бүрдүүлэх вэ” гэдэг нь онцгой чухал болохыг мэдэрсэн. Технологи нэвтрүүлэх эхний үе шатанд төр болон их сургууль зэрэг эрдэм шинжилгээний байгууллагуудын дэмжлэг зайлшгүй хэрэгтэй байдаг. Гэвч дэмжлэг дуусгавар болсны дараа уг технологийг ашиглах хүмүүс бол тариаланчид юм. Тэд өөрсдөө дуртайяа ашиглахыг хүсэх эсэх нь хамгийн том сорилт болдог.
Үүний тулд дараах 3 зүйл туйлын чухал болно.
- Ашигт ажиллагааг хангах: Шинэ технологи нь өөрсдөд нь бодитойгоор тус болж, эдийн засгийн үр өгөөж авчирч байгааг биеэр мэдрэх.
- Чадавхыг (мэдээлэл, технологи) эзэмших: Шинэ арга барилыг эзэмшихэд шаардлагатай мэдлэг, чадварыг олж авах.
- Сэтгэхүйн өөрчлөлт: Уламжлалт зан заншлаар хязгаарлагдалгүйгээр шинэ үзэл санаа, арга барилыг хүлээж авах хандлагатай байх.
–Хэлэлцүүлгийг сонсоход технологийн талаас гадна хүн хоорондын харилцааг чухалчилж байгаа сэтгэгдэл төрлөө. Цаашид энэ тал дээр хэрхэн ажиллах вэ?
-Компани болон их сургуулиудын хувьд тус бүрдээ ажлаа урагшлуулж байгаа боловч хамгийн гол цэг нь “тухайн орон нутгийн хүмүүстэй харилцах харилцаа” юм. Бид юу хийх гэж байгаагаа ойлгомжтойгоор тайлбарлаж, нөгөө хүндээ ойлгуулан хүлээн зөвшөөрүүлэх хандлага юу юунаас илүү чухал гэж бодож байна.
Монгол Улстай цаашид хэрхэн хамтран ажиллах болон манай улсын талаарх сэтгэгдэл
-Цаашид Монгол Улстай хэрхэн хамтран ажиллах вэ?
-Япон Улсын Хөдөө аж ахуй, ой, загасны аж ахуйн яамны хувьд анх удаа биечлэн оролцсоноороо павильоны төрөл бүрийн үзэсгэлэнгээр дамжуулан Монгол Улс хэрэгжиж буй бодит ажлуудын талаар дэлгэрэнгүй ойлголт, мэдээлэл авлаа. Буцаж очоод цаашид ямар бодит хамтын ажиллагаа өрнүүлж болох талаар судлахаар төлөвлөж байна.
-Монгол Улсад анх удаа ирсэн сэтгэгдэл ямар байна вэ?
-Онгоцоор бууж ирээд хамгийн түрүүнд гайхширсан зүйл бол Японоос бараг 4 дахин том газар нутаг байлаа. Сүрлэг байгаль дунд нүүдэлчин гэдэг уламжлалт амьдралын хэв маягаа хадгалсаар ирсэн байдалд соёлын хувьд маш их татагдсан. Мөн өргөн уудам байгаль болон Улаанбаатар шиг орчин үеийн хот зэрэгцэн оршиж байгаа дүр зураг бас сэтгэгдэл төрүүллээ. Япон Улс ч мөн байгальтай зохицон амьдрахыг эрхэмлэдэг улс учраас маш сэтгэлд их дотно санагдаж байна.
-Таны сэтгэлд юу хамгийн тод үлдсэн вэ?
-Онгоцны буудлаас хурал болох газар хүртэл сайн дурынхан маш эелдэг найрсаг хандлага миний сэтгэлийг маш их хөдөлгөсөн. Монголчуудын халуун дулаан зочломтгой зан маш тод үлдсэн.

