Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 24 //. Тоттори их сургуулийн Удирдах зөвлөлийн гишүүн, бодлого төлөвлөлт, зохицуулалт болон Хамасака бүс хариуцсан дэд ерөнхийлөгч, Олон улсын хуурай газрын судалгааны төвийн захирал, профессор Цүнэкава Ацүши нь хуурай газрын судалгааны чиглэлээр мэргэшсэн эрдэмтэн юм. Тэрбээр хөрсний элэгдэлтэй тэмцэх болон газрын тогтвортой менежментийн чиглэлээр судалгаа хийдэг.
Профессор Цүнэкава Тоттори их сургууль зэрэг судалгааны байгууллага болон Японы Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд ажиллаж, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцын хэлэлцээ, Шинжлэх ухаан, технологийн хорооны үйл ажиллагаанд олон жилийн турш оролцжээ. Түүнтэй Улаанбаатар хотноо болж буй COP17 хурлын үеэр уулзаж, цөлжилтийн судалгааны өнөөгийн нөхцөл, Монгол Улсад цаашид хэрэгжүүлэх судалгаа, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.
Газар “доройтож” байна уу, “сэргэж” байна уу? Шинжлэх ухааны хэмжилтэд тулгардаг сорилт
-Та энэ удаагийн COP17-гоос ямар үр дүн хүлээж байна вэ? Мөн 2010 оноос хойш Японы Засгийн газрын төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд оролцож ирсэн хүний хувьд өнгөрсөн 10 гаруй жилд цөлжилт улам эрчимжсэн гэж үзэж байна уу?
-“Нөхцөл байдал бүхэлдээ дордсон” гэж шууд дүгнэх боломжгүй. Доройтож буй газар ч бий, сэргэж буй газар ч бий. Судлаачийн байр сууринаас харвал газар яг ямар хэмжээгээр доройтож, хэр хэмжээнд сэргэж байгааг шинжлэх ухааны үндэслэлтэйгээр тоон үзүүлэлтээр хэмжих нь маш хүндрэлтэй асуудал. Тухайлбал, уур амьсгалын өөрчлөлтийг хэмжихэд агаар мандал дахь нүүрсхүчлийн хийн агууламж гэх мэт тодорхой, нэгдсэн үзүүлэлт бий. Харин цөлжилт, газрын доройтлыг үнэлэхэд юуг нийтлэг шалгуур болгох вэ гэдэг маш төвөгтэй.
Тогтвортой хөгжлийн зорилгын 15.3-т “Газрын доройтлыг саармагжуулах” буюу LDN (Land Degradation Neutrality) зорилтыг дэвшүүлсэн. Үүний хүрээнд Шинжлэх ухаан-бодлогын харилцан уялдааны механизм буюу SPI-ийн боловсруулсан аргачлалын дагуу гурван үндсэн үзүүлэлтээр газрын нөхөн сэргээлтийг үнэлэх ажил хийгдэж байна. Гэвч үнэлгээний арга, мэдээлэл нэгтгэх зарчим нь улс бүрд харилцан адилгүй.
Улс орнууд НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх конвенцод үндэсний тайлангаа хүргүүлдэг. Гэхдээ өөр өөр аргачлалаар цуглуулж, нэгтгэсэн мэдээллийг шууд нийлүүлээд “Дэлхий нийтээр газар доройтож байна” эсвэл “сэргэж байна” гэж дүгнэж болох эсэх нь шинжлэх ухааны үүднээс эргэлзээтэй. Тиймээс “2010 оноос хойш газрын доройтол нэмэгдсэн үү?” гэсэн асуултад судлаачийн хувьд ганц өгүүлбэрээр хариулах боломжгүй юм.
-Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь цөлжилтөд өртсөн гэх мэт тодорхой тоо баримт нийтлэгдээд байна. Ийм мэдээллийг ашиглахдаа болгоомжтой хандах шаардлагатай юу?
-Тийм ээ. Тухайн үзүүлэлтийг ямар аргачлалаар хэмжсэн вэ гэдэг нь хамгийн чухал. Тодорхой аргачлалаар хэмжээд “газар нутгийн ийм хувь нь доройтсон” гэсэн үр дүн гарсан бол үүнийг судалгааны нэг үзүүлэлт гэж хүндэтгэн үзэх ёстой. Гэхдээ өөр улс орон огт өөр аргачлалаар хэмжсэн бол тэдгээр үр дүнг ижил түвшинд тавьж, шууд харьцуулах нь зөв үү гэдэг асуулт гарч ирнэ.
“Цөл” болон “элсэн манхан”-ы ялгаа
-Тоттори их сургууль байрладаг Тоттори мужид Тотторигийн элсэн манхан бий. Үүнийг цөлтэй адилтгаж болох уу?
-Тэр бол “элсэн манхан” буюу sand dunes. Харин “цөл” буюу desert биш. Цөлийн үндсэн тодорхойлолт нь хур тунадас маш бага ордог, үүний улмаас ургамал ургах боломжгүй буюу ургамлын бүрхэвч хомс газар нутгийг хэлнэ. Харин Тотторигийн элсэн манханд хур тунадас хангалттай ордог. Гэвч хүчтэй салхины нөлөөгөөр элс байнга шилжин хөдөлдөг тул ургамал ургахад хүндрэлтэй байдаг. Ургамал хомс байгаагийн шалтгаан нь хур тунадасны дутагдал биш учраас үүнийг цөл бус, элсэн манхан гэж нэрлэдэг.
Нөхөн сэргээх арга барил Монголын бэлчээрийн ирээдүйг тодорхойлно
-Монгол дахь олон улсын хамтын ажиллагаа болон цаашдын судалгааны төлөвийн талаар ярина уу?
-Японы санаачилгаар хэрэгждэг томоохон хөтөлбөрүүдийн нэг болох SATREPS буюу “Дэлхий нийтийн асуудлыг шийдвэрлэх шинжлэх ухаан, технологийн олон улсын хамтын ажиллагааны хөтөлбөр” Монголд хэрэгжиж байна.
Өмнө нь Токиогийн их сургууль энэ чиглэлийн төслийг удирдаж байсан бол энэ хичээлийн жилээс Яамагүчи их сургууль ахалсан шинэ төсөл эхэлсэн. Тухайлбал, “Уур амьсгалын өөрчлөлт болон хүний үйл ажиллагааны нөлөөнд Монголын хээр, говийн экосистем хэр тэсвэртэйг үнэлэх нэгдсэн загварчлалын дижитал сүлжээний платформ хөгжүүлэх” зэрэг судалгааг хэрэгжүүлж байна.
Тоттори их сургууль ч олон жилийн турш шар шороон шуурга буюу тоосжилт хэрхэн үүсдэг механизмыг судалж ирсэн.
Монгол бол Японтой найрсаг харилцаатай улс. Хуурай газрын судлаачдын хувьд Монголд судалгаа хийхэд таатай нөхцөлтэй. Бид одоогоор Монголын Шинжлэх ухааны академийн Газарзүй, геоэкологийн хүрээлэн зэрэг байгууллагатай хамтарсан судалгаа хийж байна.
Миний хувьд одоо Этиоп улс дахь судалгаандаа түлхүү анхаарч байгаа ч Монголд олон жилийн турш хуримтлуулсан туршлага, мэдлэгтээ тулгуурлан хамтын ажиллагаагаа үргэлжлүүлж байна.
Энэ удаагийн COP17-гийн нэг гол сэдэв нь бэлчээрийн мал аж ахуй. Монгол бол уламжлалт нүүдлийн мал аж ахуйн сонгодог жишээ болсон улс. Гэвч өнөөдөр хүн амын өсөлт, уур амьсгалын өөрчлөлт, ган гачиг зэрэг олон сорилттой тулгарч, “Бэлчээрийн мал аж ахуйн тогтвортой байдлыг хэрхэн хадгалах вэ?” гэдэг шийдвэрлэх асуудал болжээ.
Өмнө нь Саудын Арабын Эр-Рияд хотод болсон COP16, Кот-д’Ивуарын Абиджан хотод болсон COP15 зэрэг хуралд оролцож байсан. Харин энэ удаагийн COP17-д Японоос хамгийн олон төлөөлөгч оролцож байгаа мэт санагдсан.
–Уламжлалт нүүдлийн мал аж ахуй нь газрын доройтолд бага нөлөө үзүүлдэг гэж хардаг. Энэ талаар та юу гэж бодож байна юэ ?
-Нүүдлийн мал аж ахуй бол бэлчээрийг хэдэн мянган жилийн турш хадгалан авч ирсэн уламжлалт үнэт мэдлэг юм. Гэвч өнөөдөр газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн асуудал болон нийгэм, эдийн засгийн өөрчлөлтөөс шалтгаалан нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Гэрийнхээ эргэн тойронд хашаа барих, нүүдэллэх хүрээ хязгаарлагдах зэрэг өөрчлөлтийн үед уламжлалт мал аж ахуйн хэлбэрийг хэвээр үргэлжлүүлэх боломжтой юу гэдэг асуулт тулгарч байна.
Миний одоо онцгойлон анхаарч буй зүйл бол “нөхөн сэргээх хөдөө аж ахуй” буюу regenerative agriculture, мөн “газрын ландшафтыг нөхөн сэргээх” буюу regenerative landscape гэсэн ойлголт.
Өмнө нь “тогтвортой байдал” буюу sustainability, өөрөөр хэлбэл өнөөгийн нөхцөл байдлыг хэрхэн хэвээр хадгалах вэ гэдэгт голлон анхаардаг байлаа. Харин аль хэдийн доройтсон бэлчээрийг зөвхөн одоогийн түвшинд нь хадгалах хангалтгүй. Түүнийг идэвхтэй нөхөн сэргээж, экологийн чадавхыг нь дахин бий болгох шаардлагатай.
Нийгэм, эдийн засгийн нөхцөл болон уур амьсгал өөрчлөгдөж буй энэ үед орчин цагийн хэрэгцээнд нийцсэн, тогтвортой төдийгүй нөхөн сэргэх чадавхтай бэлчээрийн мал аж ахуйн шинэ загварыг шинжлэх ухаанд тулгуурлан эрэлхийлэх хэрэгтэй.
-Үнэтэй мэдээлэл өгч, ярилцсан Танд баярлалаа.

