Монголын эртний хадны зурагт эмэгтэйчүүдийг хэрхэн дүрсэлснийг сонирхуулсан гэрэл зургийн үзэсгэлэн Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музейд энэ сарын 6-12-нд гарч байна.
Тус музей 2001 оноос хойш жил бүр зохион байгуулж ирсэн “Бүсгүйчүүдийн дүр дүрслэх урлагт” үзэсгэлэнг энэ удаад найруулагч, “Сэмүүн” студийн захирал Б.Баяр, уран бүтээлч Х.Бөхтулга, археологич Т.Идэрхангай нар хамтран “Алтайн Венера” нэрээр ийнхүү олны хүртээл болгож байгаа юм.
Хадны зураг нь хүн төрөлхтний оюун санаа, уран сэтгэмжийн анхны илэрхийлэл төдийгүй түүх, соёлын архив юм. Хад чулуунд сийлж, цохиж, зурж үлдээсэн дүрслэл нь эртний хүний ертөнцийг үзэх үзэл, нийгмийн бүтэц, зан үйл, гоо зүйн мэдрэмжийг өнөө үед уламжлан хүргэдэг. Монголын хадны зургийн урлаг нь Төв Азийн нүүдэлчдийн байгальтай шүтэлцсэн амьдралын хэв маягийг илэрхийлсэн өвөрмөц онцлогтой. Тухайлбал, Бага Ойгорын, Цагаан Салаагийн хадны зураг зэрэг дурсгалт газарт эмэгтэйчүүдийг ан ав, нүүдэл суудал, зан үйлийн хэлбэрээр дүрсэлсэн нь элбэг ажээ. Тэдгээрийн дотроос эмэгтэй хүний дүрслэл онцгой байр суурь эзэлдэг нь нүүдэлчдийн нийгэм дэх эмэгтэйчүүдийн үүрэг, бэлгэдлийн утга агуулгатай холбоотой. Эмэгтэй хүнийг зөвхөн гэр ахуйн хүрээнд бус анчин, морьтон, зан үйлийн оролцогч байдлаар дүрсэлсэн нь эртний нүүдэлчдийн нийгэмд эмэгтэйчүүдийн байр суурь, оролцоо чухал байсныг харуулдаг. Чулуун дээр сийлсэн энгийн мэт дүрслэл бүрийн цаана амьдралын тэнцвэр, байгаль-хүн хоёрын зохицол, эх дэлхийтэй шүтэлцсэн оршихуйн үзэл санаа нуугдаж байдгийг тус музейн танилцуулгад тэмдэглэжээ.

Тус үзэсгэлэнд Б.Баярын хадны зургийн цуглуулгаас эмэгтэй хүний дүрслэл бүхий 40 орчим гэрэл зураг, уран бүтээлч Х.Бөхтулгын хадны зургаас сэдэвлэн бүтээсэн “AI”-ийн видео бүтээлийг толилуулж байна.
Үзэсгэлэнгийн ерөнхий зохион байгуулагч Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей, хамтрагчаар “Сэмүүн” студи, “AI” гүйцэтгэгч Х.Бөхтулга, археологийн зөвлөхөөр доктор (Ph.D) Т. Идэрхангай, дэмжигч байгууллагаар “Монгол костюмс”, “Аянчин” ХХК ажиллажээ.