“Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа өвлүүлэх асуудлыг шийдлээ

Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцааны талаар авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын тогтоолыг баталлаа.

Тус тогтоолоор 2025 оны 12 дугаар сарын 31-ний байдлаар “Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв” ХХК-ийн бүртгэлд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн хувьцаа эзэмшиж байгаад нас барсан 132,203 иргэний хувьцаа өвлөгдөх нөхцөл бүрдэж байна. Мөн тогтоол нь “Эрдэнэс Тавантолгой” компанийг 2026 онд багтаан нээлттэй компани болох бэлтгэл ажлыг хангах нөхцөл болж буй юм.

Иргэдийн хувьцаа өвлөх хүсэлтийг цахимаар шийдвэрлэх системийн хөгжүүлэлт, туршилт тохируулгын ажлыг хийж, бэлэн болгожээ. Оролцогч байгууллагууд харилцан мэдээлэл солилцож, бүрдүүлэх, иргэдэд хувьцаа, ногдол ашиг өвлөх талаар нэгдсэн ойлголт мэдээлэл өгч, сурталчлан таниулах зэрэг бэлтгэл ажлыг хангах зорилгоор энэхүү тогтоолыг 2026 оны 6 дугаар сарын 1-нээс дагаж мөрдөнө.

Өнөөдрийн байдлаар тус компанийн гаргасан 12.0 тэрбум ширхэг хувьцааны 8.8 тэрбум ширхэг буюу 73.50 хувийг төрийн өмчийн хувьцааны эрхийг хэрэгжүүлэгч “Эрдэнэс Монгол” ХХК, 7.1 сая ширхэг буюу 0.06 хувийг үндэсний 488 аж ахуйн нэгжүүд. 3.1 тэрбум ширхэг буюу 26.44 хувийг Монгол Улсын 3,408,021 иргэн эзэмшиж байна гэж ЗГХМОНХГ-аас мэдээллээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн