Энэтхэг, Канад улсууд цөмийн түлш нийлүүлэх томоохон гэрээ байгуулжээ

 Энэтхэг, Канад улсууд стратегийн түншлэлээ сэргээж, 2.6 тэрбум канад долларын уран нийлүүлэх тухай гэрээнд гарын үсэг зуржээ. 

Канадын Ерөнхий сайд Марк Карни хоёрдугаар сарын 27-ноос гуравдугаар сарын 2-ны хооронд Энэтхэгт албан ёсоор айлчлах үеэр энэхүү тохиролцоонд хүрчээ. Тэрбээр Шинэ Дели хотноо Энэтхэгийн Ерөнхий сайд Нарендра Модитой хэлэлцээ хийсэн байна. Карни үүрэгт ажилдаа орсноосоо хойш Энэтхэгт анх удаа айлчилсан нь 2018 оноос хойш Канадын Ерөнхий сайдын түвшинд хийсэн анхны айлчлал боллоо.

Шинэ шатны хамтын ажиллагааны хамгийн чухал хэсэг нь Канадын цөмийн “Cameco” компани Энэтхэгийн Цөмийн эрчим хүчний газартай байгуулсан 2.6 орчим тэрбум орчим канад долларын (1.9 орчим тэрбум ам.доллар) урт хугацааны гэрээ байв. Хэлэлцээрийн хүрээнд Канадаас Энэтхэгийн атомын цахилгаан станцуудад уран нийлүүлснээр тус улсыг цэвэр эрчим хүч рүү шилжихэд дэмжлэг үзүүлэх бөгөөд урт хугацаанд эрчим хүчний аюулгүй байдлыг нь бэхжүүлэх ажээ. 

Энэхүү гэрээг цөмийн болон уламжлалт эрчим хүчнээс эхлээд цэвэр технологи болон стратегийн ач холбогдолтой эрдэс баялгууд хүртэлх эрчим хүчний бүхий л салбарт хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд чиглэсэн Энэтхэг, Канадын эрчим хүчний стратегийн өргөн хүрээтэй санаачилгын хүрээнд байгуулжээ. 

Хоёр улсын удирдагчид дэлхий дахины байдал улам тогтворгүй болж байгаа энэ үед эрчим хүчний аюулгүй байдлыг бэхжүүлэх, нийлүүлэлтийн сүлжээг төрөлжүүлэх нь чухал болохыг онцолсон байна.

Албаны хүмүүсийн хэлснээр, хоёр талын түншлэлийг шинэчилж байгаа нь мөн дипломат харилцаа аажмаар сэргэж буйг илтгэж байна. Талууд өмнө нь үүссэн хурцадмал байдлыг даван туулахын тулд яриа хэлэлцээг сэргээх, дипломат төлөөлөгчдөө буцаан илгээх үйл явцад ахиц дэвшил гарч байгааг онцолжээ. 

Хоёр улсын эрчим хүчний хамтын ажиллагаа цаашид дан ганц ураны нийлүүлэлтээр хязгаарлагдахгүй. Канадын тал Энэтхэг рүү байгалийн шингэрүүлсэн хий, хүнд газрын тосны экспортоо нэмэгдүүлэхээр төлөвлөж байгаа бол Энэтхэг Канадын зах зээлд газрын тосны бүтээгдэхүүн нийлүүлэх боломжтой. Мөн сэргээгдэх эрчим хүч, устөрөгч, биотүлш, цахилгаан эрчим хүчний салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэх урт хугацааны гэрээ байгуулахаар төлөвлөж  байна.

Эрчим хүчнээс гадна талууд худалдаа, технологи, боловсрол, аюулгүй байдлын салбарт хамтын ажиллагаагаа бэхжүүлэхээр тохиролцжээ. Талууд Эдийн засгийн иж бүрэн түншлэлийн гэрээ байгуулах хэлэлцээг дахин эхлүүлсэн бөгөөд 2026 оны эцэс гэхэд дуусгаж, 2030 он гэхэд хоёр талын худалдааны эргэлтийг 70 тэрбум орчим канад долларт (51 тэрбум орчим ам.доллар) хүргэхээр төлөвлөж байна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн