Улаанбаатар, 2026 оны долоодугаар сарын 16 //. Монголчуудын хувцас, гоёл чимэглэлийн үүсэл, хөгжил, түүний нүүдэлчин амьдралын хэв маяг, ахуй сэтгэлгээтэй хэрхэн уялдан хөгжүүлж ирсэн талаар Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Ч.Туулцэцэгтэй ярилцлаа.
-Монголчуудын хувцас, гоёл чимэглэл эрт үеэс өнөөдрийг хүртэл нүүдэлчин амьдрал, ахуй сэтгэлгээтэй хэрхэн уялдан хөгжиж ирсэн бэ?
-Монголчуудын хувцас, гоёл чимэглэл маш өргөн хүрээтэй, олон мянган жилийн түүхтэй соёлын өв. Хүн төрөлхтний хувцас, гоёл чимэглэлийн хөгжлийн нийтлэг зүй тогтол адилхан боловч монголчуудын хувцас, гоёл чимэглэл байгаль, цаг уур, эрхэлж ирсэн аж ахуй, зан заншил, түүхэн цаг үе, нийгмийн онцлогийг гүн гүнзгий тусгаснаараа онцлог. Эртний чулуун зэвсгийн үеийн хувцасны зүйлс хадгалагдан үлдээгүй ч түүн дээр оёж, чимж байсан хүзүүний зүүлт, хувцасны чимэг, бүсний хадлага чимэг, товч зэрэг чимэглэлийн зүйлс монгол оронд хийсэн археологийн малтлагаар олдсон. Энэ үеийн дурсгалд Дорнод аймгийн Булган сумын нутаг Норовлин уул, Халх голын Тамсагбулагийн суурингаас илэрсэн неолитийн үеийн хүзүүний сувсан зүүлт, голдоо нүхтэй танан зүүлт, бугын соёоны уг талыг нэвт нүхэлсэн зүүлт, чөмөгний ясан гэртэй хурц үзүүртэй ясан зүү зэргийг илрүүлсэн.
Монгол хувцас, гоёл чимэглэлийн хөгжлийн тойм Хүннү /НТӨ III-НТ I зуун/-аас эхтэй. Хүннүчүүдийн хувцас нь тэдний эрхлэх аж ахуй, цаг улирал, нүүдлийн байдалд тохирсон, ихэвчлэн малын арьс, ангийн үсээр хийсэн, морь мал унахад зохицсон, төлөв даруу энгийн эсгүүр бүхий хувцастай байсан. Төв аймгийн Батсүмбэр сумын нутаг дахь Ноён уулын булшнаас Хүннүгийн үеийн хувцастай холбоотой хув захтай баруунаас зүүн тийш зөрдөг энгэртэй сугандаа товч шилбэтэй дээл, агсарга бүс, ээтэн хоншоортой сөөхий маягийн гутал зэрэг олон чухал олдвор олдсон нь өнөө Санкт-Петербург хотын Эрмитаж музейд хадгалж байна.
Сяньби /НТ II-IV зуун/-ийн үед хувцасны биет олдвор цөөн. Орхон аймгийн Жаргалант сумын Айргийн гозгор дахь археологийн малтлагаар сяньби нарын бүс, түүний чимэглэлтэй холбоотой амьтны толгойн дүрстэй, S хэлбэртэй хүрэл дэгээ, унжлага, алтан товруу, гонзгой дөрвөлжин, дугуй, хэлбэртэй гархи, нарийхан суран бүсний тасархай, хувцсандаа хадаж байсан бололтой торгоны үлдэгдэл бүхий алтан чимэг, модон хүүхэлдэй зэрэг цөөнгүй эд зүйлс илэрсэн нь сяньбигийн хувцас гоёл чимэглэлтэй салшгүй холбоотой. Эдгээр дурсгал нь Сяньбигийн үеийн уран дархны ур чадвар, тухайн үеийн хүмүүсийн сэтгэлгээ, бэлгэдлийн онцлогийг илэрхийлсэн үнэт олдвор юм. Харин Нирун /Жужан/-ы үе буюу НТ IV-VI зуунд хамаарах олдвор Ховд аймгийн Мянгад сумын нутагт “Урд улаан үнээт уул”-ын хадны оршуулгаас олдсон.
Түрэг /НТ V-VIII зуун/ үед холбогдох дээл хувцас бүтнээрээ олдоогүй ч монгол нутгаас олдох түрэгийн үеийн хүн чулуун хөшөөнд түрэг эрчүүдийг гадагш эргүүлсэн бартаатай захтай, тууш задгай энгэртэй урт дээл, агсарга бүстэйгээр, эмэгтэй хүнийг бүсгүйгээр дүрслэн үлдээсэн нь хувцасны онцлог шинжийг харуулсан. Харин Архангай аймгийн Хотонт сумын нутаг Хөшөө цайдамын Билгэ хааны онгоноос галт шувуу бүхий үнэт чулуун шигтгээтэй хааны титэм, алтан бүс, ээмэг зэрэг гоёл чимэглэлийн зүйлс олноор илэрч олдсон. Эдгээр хувцас өнөөгийн монгол дээлнээс загвар, хийцийн хувьд ялгаатай. Тэгвэл VIII-IX зууны Уйгурын үед хамаарах өргөн түрийтэй шөвгөрдүү хоншоортой арьсан гутал монгол нутгаас олдсон.
X зууны үед Монгол нутагт хүчирхэг төр байгуулж явсан Хятан нарын язгууртны болон жирийн хүмүүсийн хувцас хоорондоо тодорхой ялгарч, хэн ямар хувцас өмсөхийг журамлан тогтоосон тусгай хуультай болсон нь хувцасны соёл бие даан хөгжсөнийг илтгэнэ.
XII-XIV зууны үед буюу Их Монгол Улс, Юань Улсын үед хувцас нь нийгмийн байр суурь, зориулалтаар нарийн ангилж, түүний хэрэглээг хуульчилсан. Энэ үеийн нүүдэлчдийн уламжлалт хувцас дэлхийн хувцасны соёлд өөрийн гэсэн өнгө төрх, нөлөөг тодорхой тусгасан. Мөнх хаан, Хубилай хааны үеэс эхлэн язгууртан, цэргийн, энгийн ардын хувцасны хэрэглээг хуульчлан тогтоож, хэн ямар үед, ямар хувцас өмсөх, ямар хувцсыг хэрэглэхийг нарийн зааж өгсөн. Эндээс харахад монголчууд эртнээс хувцасны өндөр соёлтой байсан төдийгүй түүний хэрэглээг зохицуулсан хууль, журамтай байв.

Алтан цог чимэг. Архангай аймаг Хотонт сум Хулхийн ам. XII-XIV зуун
-Тухайн цаг үеийн хаад, ноёдын гоёл чимэглэл өндөр түвшинд хөгжсөнийг илтгэж буй энэхүү баримтаас үзвэл язгууртны гоёл чимэглэл энгийн ард түмний хэрэглэж байсан гоёл чимэглэлээс ямар материал, хийц, бэлгэдэл, хэрэглээний зориулалтаараа хэрхэн ялгарч байсан бэ?
-Энэ үеийн монголчуудын хувцас нь эрс тэс уур амьсгал, нүүдлийн мал аж ахуйн өвөрмөц онцлогт тохирсон мал, ан амьтны арьс, үсээр хийсэн хувцас өмсөхийн зэрэгцээ язгууртнууд харь орноос авчирсан элдэв үнэт торго, үслэг арьс, сувд, тана зэргийг хувцас, гоёл чимэглэлдээ хэрэглэж байсан тухай сурвалжид олонтоо тэмдэглэсэн. Мөн үнэт торго, дурданг тусгайлан нэхдэг нэхмэлийн газрууд байсан. Алтан утастай торго, виншуй торго зэрэг онцгой тансаг торгыг хэн эдэлж хэрэглэх, хааны санд ямар торгыг хэрхэн нийлүүлэх зэргийг нарийн заасан журамтай, хянаж шалгадаг тусгай газартай байв. Тухайн үеийн хувцас, эдлэл хэрэглэл нь хэргэм зэрэг, нийгмийн байр сууринаас хамааран тодорхой ялгамжтай байсан.
XIII зууны монголчуудын хувцсанд мөөрөлжин энгэртэй, зүүнээс баруун гар тийш лав зөрдөг давхар энгэртэй, өргөн сугатай, бугалгаараа нарийн ханцуйтай дээл, хошуу бага ээтгэр мухар хошуутай гутал, эрэгтэйчүүд агсарга бүс хэрэглэж заншжээ. Эрэгтэй дээлийн онцлог нь босоо жижиг захтай, ташуу энгэртэй, өргөн эмжээртэй нарийхан ханцуйтай, бүсэлхий орчмын хуниасны дээгүүр алтан утсыг буруу зөв эрчлэн зээг дарж оёод баруун ташаанд нь чангалж уях хос бүч хадсан, дэрвэгэр хормойтой, зүүн ташаандаа хүртэл өндөр оноотой торгон гадартай байв.
Хэнтий аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Бухын хошуунаас илэрсэн эрэгтэй гурван дээл нь гурвуулаа өөр өөр эсгүүр загвартай, хийсэн материал нь ялгаатай байгаа нь тухайн үед монголчуудын дээл хувцасны төрөл хийгээд тухайн үеийн урлаачид асар өндөр чадвар, нарийн мэдрэмжтэй байсны тод илрэл юм. Мөн өнөөдөр хэрэглэж буй олон төрлийн гар оёдлын шаглах, зүү ороох, зээгт наамал зэрэг төрлүүд XIII зуунд аль хэдийн өөрийн өнгө төрхөө олж, хөгжиж байсныг эдгээр дээлнээс харж болно.

Хүүхдийн торгон дээл. Баянхонгор аймаг Баянцагаан сум Дугуй цахир. XII-XIV зуун
Харин хатдын хувцас эрэгтэй хүнийхээс илүү өргөн эсгүүртэй, тансаг хийцтэй, хормой нь газар шүргэхүйц урт, ханцуй суга орчмоосоо маш өргөн байдгаараа онцлог. Хубилай хааны хатан Чаби өвлийн цастай, салхитай үед нүд, нүүрийг хамгаалах саравчтай малгай бүтээсэн тухай сурвалжид буй. Энэ нь монголчуудын хувцасны ухаалаг зохион байгуулалт, байгаль, цаг уурын нөхцөлд дасан зохицож, загвар хийцээ байнга шинэчилж байсныг харуулна.
XIII зууны үеийн монголчуудын дэлхийн хувцасны түүхэнд оруулсан хувь нэмрийн нэг нь богтог малгай юм. Богтог малгай нь улаан өнгийн үнэт торго, ноосон даавуугаар гадарласан гурван тохой өндөртэй, том сувдаар чимэглэж оройд нь олон өнгийн шувууны өд хатгадаг байжээ.
Зарим малгайн өмнө талд гоёмсог хээтэй алтан чимэг хадна. Малгайн эрүүвчийг бараан өнгийн бөсөөр хийж дээр нь тоонолжин хэлбэртэй сувдан чимгээр чимэглэнэ. Богтог малгайн олдворууд сүүлийн жилүүдэд Монголын нутгаас олонтоо илэрч байна. Язгууртны хувцас нь хэргэм зэрэг, угсаа залгамжлалыг илтгэхийн зэрэгцээ тухайн үеийн нийгмийн сэтгэлгээ, уран дархны ур чадвар, гоо зүйн ойлголтыг илэрхийлж байв.
Мөн эзлэн захирсан орны технологийн давуу тал, материаллаг соёлыг ашиглан хувцас, гоёл чимэглэлдээ шингээсэн нь ангийн үнэт үс, торго, сувд, оюу зэрэг үнэт эдлэл өргөн хэрэглэж байснаас харагддаг. Мөн XIII зууны үеийн язгууртны хувцас, зэрэг дэвийн тогтолцоо дэлхийн хувцасны соёлд үлдээсэн маш том өв хэмээн үзэх бүрэн үндэслэлтэй.
-Монголчуудын уламжлалт нийгэмд гоёл чимэглэл ямар үүрэг гүйцэтгэдэг байсан бэ?
XV-XVI зууны үед монголчуудын урьдын нүсэр элбэг эсгүүрт дээл, богтог малгай өөрчлөгдөж, энгийн даруу хийц, халбэртэй болсон. XVII зууны үеэс Манж чин улсын үеэс язгууртны хэргэм зэрэг нь хан, ван, бэйл, бэйс, гүн, тайж хэмээн эрэмбэлэгдэж малгайн отгоны тоо, чулуун жинс, луу хээтэй ёст дээл, энгэрийн фүс тэмдэг, хүрэм, эрхи зэргээр хоорондоо ялгагдана. Харин эмэгтэйчүүдийн гоёл, дээл, малгай нь угсаатны бүлэг, хэргэм зэрэг, эдийн засаг, нийгмийн байр суурь зэрэг олон хүчин зүйлсийг шингээсэн. Язгууртан эмэгтэйчүүдийн төрийн өмсгөлд энгэр тууш задгай хатан нөмрөг, халх эхнэр дэргэр үстэй болж өөрчлөгдсөн. Эхнэр хүний толгойн чимэглэл нь хийсэн материал, хийц зэргээрээ тухайн айлын хөрөнгө чинээний байдлыг илтгэхээс гадна угсаатны бүлгийн өвөрмөц ялгааг харуулдаг.
Язгууртны хувцас, хэргэм зэргийн тогтолцоо нь Манж Чин Улсын үед бүрэлдэн тогтож, 1911 оны 12 дугаар сарын 29-нд Богд хаант Монгол Улс байгуулагдах үед ч тодорхой хэмжээгээр залгамжлан хэрэглэгдсэн байна.
Энэ үед хэргэм зэргийг илтгэх фүс тэмдэг буюу энгэрийн ялгамж чухал үүрэгтэй байжээ. Манжийн үед энгэрийн фүс тэмдэгт арслан, барс, тогоруу зэрэг Хятадын болон Манжийн бэлгэдэлтэй амьтдын дүрслэл түгээмэл байсан бол Богд хаант Монгол Улсын үед ван, гүн, бэйл, бэйс зэрэг уламжлалт хэргэмийг хэвээр хадгалж, харин энгэрийн фүс тэмдэгт монголчуудын уламжлалт хээ угалз, бэлгэдэлт дүрслэлийг түлхүү ашиглаж эхэлснээрээ онцлогтой. Энэ бүхнийг Зарлигаар тогтоосон Монгол Улсын хуульд тодорхой тусгаж өгсөн. Ийнхүү Юань гүрэн, Мин улс, Манж Чин улсын үед бүрэлдсэн язгууртны ёслолын хувцасны тогтолцоо нь Богд хаант Монгол Улсын үед тодорхой хэмжээгээр уламжлагдан хэрэглэгдсэн түүхтэй.
Хаад, ноёдын хувцас хувцас нь голчлон ямбаны дээл, отго жинстэй малгай, хэргэм зэргийг илтгэх шүр, хаш, хас, гүнтэн эрх зэрэг тодорхой тооны ялгамж чимэглэлээс бүрддэг. Үүн дээр ёслолын дээлний гадуур өмсдөг хар өнгийн пүүст хүрэм нэмэгдэнэ. Хувцасны энгэр дээрх бүс тэмдэг, малгайн оройн жинсийг хараад тухайн хүний хэргэм зэргийг шууд ялган таних боломжтой. Эрэгтэй хүний хувьд гоёл чимэглэл нь хэт нүсэр биш аяганы алчуур, хэт хутга зэрэг өдөр тутмын хэрэглээний эдлэлүүдтэй хосолдог байсан нь монголчуудын түгээмэл хэрэглээ юм.
Эмэгтэйчүүд өдөр тутамдаа бүх гоёл чимэглэлээ зүүдэггүй, төрийн ёслол, их баяр наадам, онцгой зан үйл, баярын үеэр бүрэн гоёдог байсан. Монголчуудын уламжлалт сэтгэхүйд эхнэр хүн нь тухайн айлын гал голомт, нэр төр, хөрөнгө чинээний илэрхийлэл болдог тул эмэгтэй хүний гоёл чимэглэлээр айлын чинээлэг байдлыг үнэлэх ойлголт түгээмэл байв. Язгууртны гэр бүлд эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл онцгой тансаг байжээ.Үүнээс харахад эмэгтэй хүний гоёл чимэглэлд тухайн угсаатны өвөрмөц онцлог, эдийн засаг, язгуур угсаа, нийгмийн байр суурь зэрэг олон хүчин зүйл шингэсэн байдаг нь харагдаж байна. Халх, барга, дарьганга, буриад, дархад, захчин, торгууд, дөрвөд зэрэг угсаатны бүлгийн эмэгтэйчүүдийн гоёл чимэглэл өөр өөрийн өвөрмөц хийц, чимэглэлээрээ хоорондоо ялгагдана.

Халх эхнэрийн толгойн боолт, санчигний хамт. XIX-XX зуун
-Монгол хувцас, гоёл чимэглэлийг хөгжлийг нэгтгэн дүгнэвэл та юу гэж хэлэх вэ?
-Монголчуудын хувцас, гоёл чимэглэл нь олон зуун жилийг дамжсан баялаг түүхтэй. Түүхийн он цагийн хэлхээнд хувцас, гоёл чимэглэл хувьсан өөрчлөгдсөөр XIX зуун хүрэхэд монголчуудын эрхлэх аж ахуй, нүүдэллэн аж төрөх амьдралын хэв маяг, байгаль, цаг уурын онцлог, эрхэмлэж заншсан сэтгэлгээний үнэлэмж, дээдлэн хүндэлдэг соёлын хүрээ, дагаж ирсэн нийгмийн хэв журамтай нягт уялдсан, өөрийн үндэсний өвөрмөц загвар, хэв шинж тусгасан онцлог бүхий хувцас, гоёл чимэглэлтэй болон нэгэнт төлөвшжээ хэмээн үзэж болно. Гэвч өнөөгийн нийгмийн хөгжил, хотжилт зэргээс шалтгаалан монгол хувцасны өдөр тутмын хэрэглээ багасч ёслолын шинжтэй болж, шинэчлэгдэн өөрчлөгдөж, эсгүүр хийц, оёдлын уламжлалт арга гээгдсээр байна.
Сувсан зүүлт. Булган аймаг Хутаг-Өндөр сум Эгийн гол
