Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд 2026 оны есдүгээр сарын 29-нд Япон Улсын Парламентын Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказүд бараалхав.

Ерөнхий сайд Япон Улсыг Монгол Улсын чухал «гуравдагч хөрш», «Энх тайван, хөгжил цэцэглэлтийн төлөөх Тусгай стратегийн түнш» хэмээн тодотгож, найрсаг харилцаа, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь гадаад бодлогын тэргүүлэх чиглэл болохыг тэмдэглэв. Ардчиллыг баталгаажуулах, нийгэм, эдийн засгийн тогтвортой хөгжлийг дэмжихэд Японоос үзүүлж ирсэн дэмжлэгт талархал илэрхийлжээ.

Хоёр улсын парламент хоорондын харилцаа, парламент дахь найрамдлын бүлгүүдийн хамтын ажиллагааг идэвхжүүлж, харилцан туршлага солилцохын чухлыг онцов. Мөн худалдаа, хөрөнгө оруулалтыг өргөжүүлэх, Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, Монголоос Японд экспортлох бараа, бүтээгдэхүүний хэмжээг өсгөх шаардлагатайг тэмдэглэв. Японы хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхэд татварын таатай, тогтвортой орчин бүрдүүлэх, «Орлого ба хөрөнгийн татварыг давхардуулан ногдуулахгүй байх, татвар төлөхөөс зайлсхийх явдлаас урьдчилан сэргийлэх тухай хэлэлцээр» байгуулах чиглэлээр хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийлсэн байна.

Ерөнхий сайд «Чингис хаан» олон улсын нисэх онгоцны буудлын өргөтгөлийн төслийг Япон Улсын иенийн нэн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлэхээр шийдвэрлэсэнд талархал илэрхийлэв. Зөвлөхүүдийн танхимын дарга Сэкигүчи Масаказү «Чингис хаан» олон улсын нисэх буудал хоёр улсын найрамдалт харилцааны шинэ бэлгэ тэмдэг гэдгийг тэмдэглэжээ.

Уулзалтын үеэр боловсрол, соёл, хүний хөгжил, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар ярилцав. 2026 оны аравдугаар сард Улаанбаатарт болох «Дэлхийн эмэгтэй парламентчдын чуулга уулзалт»-д Япон Улсаас өргөн бүрэлдэхүүнтэй оролцохыг Ерөнхий сайд урьж, Зөвлөхүүдийн танхимаас оролцохоо илэрхийлсэн байна. Талууд парламент хоорондын харилцааг цаашид бэхжүүлэх талаар ярилцлаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн