Беларусийн Ерөнхийлөгч Александр Лукашенко 15 хоригдолд өршөөл үзүүлэх зарлигт гарын үсэг зуржээ. Өршөөлд хамрагдсан хүмүүсийн 10 нь эмэгтэй бөгөөд тэдний нэрсийг нийтлээгүй гэж Ерөнхийлөгчийн хэвлэлийн алба мэдээлэв.
Албан мэдээнд эдгээр иргэний зарим нь Беларусийн хуулиар “экстремист” гэж ангилсан хэрэгт ял эдэлж байсан гэж дурдсан байна. Мөн тэд гэм буруугаа хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ гэмшсэнээ илэрхийлэн, цаашид хууль сахин амьдрахаа амлаж өршөөл хүссэн гэжээ.
Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын тусгай төлөөлөгч Жон Коул Беларусьт айлчилж, хоригдлуудыг нэмж суллах боломжийн талаар хэлэлцсэн юм. Гэхдээ энэ удаагийн өршөөл уг яриа хэлэлцээтэй шууд холбоотой эсэхийг Беларусийн тал тодруулаагүй байна.
