АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампын байгуулсан Энхийн зөвлөл Газын зурвасыг сэргээн босгох эхний зургаан сарын төлөвлөгөөг Нью-Йоркт танилцууллаа. Нийт 66 төсөл хэрэгжүүлэхэд 2.45 тэрбум ам.доллар шаардлагатай гэж тооцсон талаар Kazinform мэдээлэв.
Эхний шатны ажлууд дэд бүтэц, түр орон сууц, эрүүл мэнд, эдийн засаг болон удирдлагын үйл ажиллагааг сэргээхэд чиглэжээ. Axios-ын мэдээлснээр дэд бүтцэд нэг тэрбум орчим, түр орон сууцанд 400 сая, нуранги болон дэлбэрээгүй сум хэрэгслийг цэвэрлэхэд 275 сая, эмнэлгийн байгууламжид 50 сая, зам засварт 30 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөсөн байна. Хилийн боомт, цахилгаан, усан хангамжийг сэргээх болон нарны эрчим хүчний төхөөрөмж байрлуулах ажил ч багтжээ.
Аюулгүй байдлын арга хэмжээнд 885 сая ам.доллар зарцуулах саналд Рафах дахь олон улсын хүчний бааз, сургалт, тоног төхөөрөмж, Палестины цагдаагийн чадавхыг дэмжих зардал багтсан. Энэхүү төсөв нь санал бөгөөд санхүүжилт бүрэн батлагдсан гэсэн үг биш.
Төлөвлөгөө танилцуулах үеэр ХАМАС-ын зэвсэг хураах болон Израилын цэргийг гаргах талаар талууд тохиролцоогүй хэвээр байгааг төлөөлөгчид хүлээн зөвшөөрсөн гэж Kazinform мэдээлсэн. Иймээс ажлууд яг хэзээ эхлэх нь тодорхойгүй байна. Нийт сэргээн босголтын урт хугацааны хэрэгцээг эхний зургаан сарын төсвөөс тусад нь тооцох шаардлагатай.
