Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 7 //. Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойн хүрээнд “Чингис хааны тайлга тахилга” сэдэвт эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд өнөөдөр боллоо.
Тус хурлын үеэр Чингис хааны тахилга, түүний дэг ёс, түүхэн уламжлалын талаарх судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулж, тахилгын сан судар болон түүнтэй холбоотой “Эрчис шүтээн-Эзэн Чингис хаан” бүтээлийг олон нийтэд дэлгэлээ.
Мөн Чингис хааны тахилга, түүнийг хэрхэн дээдлэн шүтэж ирсэн уламжлал, түүний түүх, өв соёлыг хожмын монголчууд яаж ойлгож, хүндэтгэн хадгалж ирсэн талаар олон сонирхолтой илтгэл хэлэлцүүлэв. Хуралд гадаад, дотоодын 10 гаруй судлаач илтгэл хэлэлцүүлж, 70 гаруй эрдэмтэн, судлаач оролцсон байна.
Доктор, Солонгод Л. Хурцбаатар, “Чингис хааны тахилга нь гурван үндсэн бүрэлдэхүүн болох тэнгэр, туг, сүлдээс бүрддэг ба Чингис хааны биеийг бэлгэдэн шүтдэг шүтээний нэг хэлбэр” хэмээн тодотгов. Мөн тэрбээр, “Чингис хааны тухай авч үзвэл тэр бол түүхэн бодит хүн. Гэвч түүхэн олон хүмүүсийн нэгэн адил цаг хугацааны явцад зөвхөн хүн хэвээр үлдэхгүй, ард түмнийхээ шүтээн болж төлөвшдөг жишээ бий. Үүнийг Есүс Христ зэрэг дэлхий дахинд шүтэгддэг түүхэн хүмүүсээс ч харж болно. Анх бодит хүн байсан ч хожим хүнээсээ давсан утга агуулгатай, шүтээн болсон байдаг.
Чингис хааны шүтээний онцлог нь Монголын бүх овог, аймаг, угсаатан хамтран ирж, нийтээрээ шүтэж, тахидагт оршино.
Учир нь хүн бүр өөрийн удам судраа дээдлэн, өвөг дээдсээ дурсан залбирдаг уламжлалтай. Мөн тэнгэрийн хэлээр дуулдаг арван хоёр царигт дуу хэмээх өв уламжлал байдаг. Үүнийг хэн дуртай нь мэддэггүй, Чингис хааны удмын хүрээнд үеэс үед өвлөгдөн дамжиж ирсэн нандин уламжлал юм. Монголын тахилга, мөргөлийн зан үйл, тангараг өргөх, хүслээ даатгах зэрэг ёс заншлын өв маш арвин баялаг” гэв.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Г.Алтансүх, “Хаан хэмээх ойлголт нь хүн төрөлхтний сэтгэлгээний хөгжлийн явцтай зэрэгцэн төлөвшсөн. Манай нүүдэлчдийн хувьд МЭ-ий I мянганы дунд үеэс эхлэн хаан хэмээх томоохон бэлгэдэл, загвар дүр бүрэлдэн тогтжээ. Энэ нь төр улс төлөвшин бий болсонтой шууд холбоотой юм. Тэр үеэс эхлэн нүүдэлчдийн эртний домог зүйн сэтгэлгээнд орших хаан хэмээх ойлголт нь тэнгэр шүтлэгтэй салшгүй холбогдсон. Түүхэн сурвалжийг үзвэл Хүннүгийн шаньюй нараас эхлээд Түрэгийн Билгэ хаан, улмаар Чингис хааны үед энэхүү үзэл бараг хуульчлагдсан. Өөрөөр хэлбэл, хаан, тэнгэр, төрийн сүр хүч гэсэн ойлголтууд хоорондоо салшгүй холбоотой болж, хаан нь тэнгэрийн ивээлийг хүртэгч, ард олондоо дээд хүчний ивээл хайрлагч хэмээн ойлгож ирсэн. Энэ нь зөвхөн Чингис хаанд хамаарах ойлголт биш. Нүүдэлчдийн үзэл санаанд хаад өөрсдөө томоохон шүтээн байжээ.
Хаан нас эцэслэхэд, тэнгэртээ хальж, шүтээний хувьд өөр төлөвт шилжин оршино гэж үздэг байсан. Ийнхүү нас барсны дараа ч түүний шүтээнлэг чанар улам батжин, дараагийн ертөнцөд оршсоор байдаг гэсэн уламжлалт ойлголттой байв.
Энэ бол нүүдэлчдийн төр, ёсны соёлын хамгийн чухал уламжлалын нэг. Хамгийн багадаа хоёр мянга гаруй жилийн турш өвлөгдөн ирсэн үнэт өв юм. Иймээс бид энэхүү уламжлал, соёлоо хүндэтгэн дээдэлж, хойч үедээ өвлүүлэн тээх учиртай. Гэхдээ үүнийг түүхэн эх сурвалж, уламжлалт ёс жаягт нь тулгуурлан, зохистой хэм хэмжээний хүрээнд хадгалан хөгжүүлэх нь чухал” хэмээв.
ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэнгийн салбарын эрхлэгч, доктор Л.Ганбат, “Чингис хааны тахилга нь 1227 онд Чингис хаан тэнгэрт хальсны дараагаас эхлэлтэй. Чингис хааны ач хүү Хубилай хааны үед Чингис хааны эш хөргийг бүтээж, найман цагаан гэрт залан тахиж байсан. Энэ уламжлал хожмын монголчуудын дунд тасралтгүй өвлөгдөн өнөө үе хүрсэн болохыг сурвалжийн баримтаар нотлон харуулсан. Чингис хааны эш хөргийн хоёр гол хувилбар Тайвань, Бээжинд хадгалагдан үлдсэн. Мөн Цагаадайн улсын сурвалжуудад Чингис хааны хөргийг бүтээсэн тухай тодорхой мэдээ ховор байдаг ч бусад эх сурвалжид эзэнт гүрний дөрвөн улсад Чингис хааны хөрөг дүрийг бүтээн дээдэлж байсан тухай баримт бий. Иймээс Цагаадайн улсад ийм уламжлал байсан байх магадлалтай гэсэн судалгааны асуудлыг илтгэлдээ дэвшүүлсэн. Нөгөө талаар тухайн үеийн улс төрийн хамгийн чухал зарчим нь хаан ширээнд зөвхөн Чингис хааны угсааны хүн суух ёстой гэсэн ойлголт байв.
Зарим судлаачийн үзэж байгаагаар Чингис хааны Их засаг хууль XV зууны эхэн үе, тодруулбал 1411 он хүртэл Дундад Азийн зарим нутагт хүчин төгөлдөр үйлчилж байжээ.
Гэхдээ энэ хууль Исламын шариатын хуультай зэрэгцэн хэрэглэгддэг байсан нь эх сурвалжуудаар батлагддаг. Тухайлбал, зарим гэмт хэргийн талаар Их засаг хуульд зохицуулалт байхгүй тохиолдолд шариатын хуулийг хэрэглэн шийдвэрлэдэг байсан бол, бусад асуудлыг Их засаг хуулийн дагуу шийдвэрлэж байжээ. Иймээс эдгээр хоёр эрх зүйн тогтолцоо тодорхой хугацаанд зэрэгцэн оршин тогтнож байсан гэж үзэх үндэслэлтэй. XV-XVI зуун хүртэл Дундад Азийн түрэг хэлтэн, исламын шашинт нийгэмд Чингис хааны төрийн уламжлал хүчтэй хадгалагдсан байна. Энэ нь зөвхөн Их засаг хуулиар хязгаарлагдахгүй, “Чингис хааны ёсон” хэмээн нэрлэгддэг монголчуудын ёс заншил, төрийн ёслол, уламжлалт соёл ч мөн адил тухайн бүс нутагт нэвтэрч, урт хугацаанд нөлөөлөн уламжлагдсаар ирсэн болохыг судалгаандаа авч үзсэн” гэв.
ШУА-ийн Археологийн хүрээлэн, доктор А.Энхтөр хэлэхдээ, “Монголчууд эрт үеэс нар, сарыг шүтэн тахиж ирсэн. Энэ уламжлал бүр Хүннүгийн үеэс эхтэй болохыг түүхэн сурвалж, археологийн баримтаар нотолж байна. Тухайн үед нар, сарыг тахихдаа нуурын толион дээр туссан гэрлийг бэлгэдэн тахилга үйлдэж, түүндээ тангараг өргөж, өдөр ч, шөнө ч андгай тангаргаасаа үл няцахыг эрхэмлэдэг зан үйлтэй байжээ. Энэ уламжлалыг Чингис хаан өөрөө ч үйлддэг байсан тухай сурвалжид тэмдэглэгдэн үлдсэн” гэдгийг тодотгов.
Мөн тэрбээр, “Миний илтгэлийн агуулга нь Хүннүгийн үеэс уламжилсан энэхүү нар, сарны тахилгын уламжлал мянга гаруй жилийн дараа ч Монголчуудын дунд үндсэн хэлбэрээрээ хадгалагдан үлдсэнийг археологийн олдвор болон бичгийн сурвалжид тулгуурлан харуулахад оршиж байгаа юм. Археологийн судалгаанаас үзэхэд Хүннүгийн булшнаас алтан сарны дүрслэл гардаг. Сар нь хавирган хэлбэртэй бөгөөд авсны дээд хэсэгт нар, сартай хослон байрлуулсан байдаг. Үүнтэй ижил дүрслэл Монголын эзэнт гүрний үеийн хорь гаруй оршуулгын дурсгалаас илэрсэн нь энэхүү уламжлал олон зууны турш хадгалагдан ирснийг харуулж байна.
Археологийн өөр нэгэн сонирхолтой баримт бол Хүннүгийн Луут хот юм. Энэхүү хотын зүүн өмнөд хэсэгт байрлах нуур нь энгийн хэрэглээний бус, тахилгын зориулалттай байсан гэж судлаачид үздэг. Жил бүрийн 5 дугаар сард адуу, мал сүргээ тоолсны дараа тэнд нар, сарыг тахих ёслол үйлддэг байжээ.
Үүнтэй холбоотой Монголын нууц товчоонд “зуны тэргүүн сарын улаан тэргэл өдөр” гэсэн хэллэг гардаг. Энэ нь тэргэл сар биш, харин зуны хамгийн урт өдөр буюу өнөөгийн тооллоор 6 дугаар сарын 22-ны орчим үеийг илэрхийлдэг гэж үзэх үндэстэй. Үүнээс хойш арван тав, арван зургааны үед туг тахих ёслол болж байсан тухай ч сурвалжид тэмдэглэгдсэн байдаг. Нар, сарны тахилга, тэнгэр шүтлэг зэрэг уламжлал нь Хүннүгээс Монголын эзэнт гүрний үе хүртэл тасралтгүй үргэлжилж, монголчуудын төр, шашин, зан үйлийн салшгүй хэсэг болсоор ирсэн гэж үзэх үндэслэлтэй” гэсэн юм.
Энэхүү хурлыг “Чингис хаан” үндэсний музей, ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Талын язгууртан сан, цуглуулагч Б.Амарсанаа нар хамтран зохион байгуулав.



