“Цайны замын авто ралли” уралдаан зургаадугаар сард эхэлнэ

Монгол Улсын Засгийн газраас аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилгоор төр, хувийн хэвшлийн хамтын ажиллагааг эрчимжүүлж, “Цайны зам” дагасан аялал жуулчлалын шинэ чиглэлүүдийг хөгжүүлж байна.

2025 онд Дархан хотод зохион байгуулсан Монгол, БНХАУ, ОХУ-ын аялал жуулчлалын сайд нарын IX уулзалтаар “Цайны зам” брэнд авто аяллыг албан ёсоор эхлүүлэх түүхэн шийдвэр гаргасан юм. Энэ хүрээнд 2026 онд олон улсын “Цайны замын авто ралли” зохион байгуулахаар болжээ. Уг ралли зургаадугаар сарын 20-нд БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах орны  Хөх хотоос эхэлж, Монголын Замын-Үүд боомтоор нэвтрэн 11 аймгаар дайран, гурван улсын 20 гаруй хот сууринг холбосоор Манжуур хотод өндөрлөнө.

Манай улсын газар нутгаар явахдаа Дорноговийн Замын-Үүд, Сайншанд, Хамрын хийд, Говьсүмбэрийн Чойрын богд уул, Улаанбаатар, Тэрэлж, Өвөрхангай Элсэн тасархай, Хархорин, Архангайн Чулуут, Тэрхийн цагаан нуур, Хөвсгөлийн Зүрх нуур, Мөрөн, Хатгал, Булганы Урантогоо, Эрдэнэт, Дархан, Сэлэнгийн Сүхбаатар, Зүүнбүрэн, Алтанбулаг гэсэн маршрутаар дайран өнгөрөх ажээ.

XVIII-XX зууны эхэн хүртэл үргэлжилсэн түүхэн “Цайны зам” нь БНХАУ-аас ОХУ-руу чиглэсэн, Монголын нутгаар дамжсан 9000 гаруй км урт худалдааны чухал зам байв. Тэмээн жингийн тээврээр дамжин хөгжсөн энэхүү зам нь Монгол Улсыг Ази, Европыг холбосон стратегийн зангилаа болгож байжээ.

“Цайны замын авто ралли” уралдаан зургаадугаар сард эхэлнэ

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн