Улаанбаатар, 2026 оны гуравдугаар сарын 19 //. Монгол Улс болон Бүгд Найрамдах Казахстан Улс хоорондын эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, бизнес эрхлэгчдийг холбох зорилготой “Монгол-Казахстаны бизнес уулзалт” МҮХАҮТ-д өнөөдөр боллоо.

МҮХАҮТ-ын Гүйцэтгэх захирал Ц.Магнайбаатар энэ үеэр хэлэхдээ, “Монгол, Казахстан хоёр улс түүх, соёлын гүн гүнзгий холбоотой төдийгүй харилцан итгэлцэл, найрсаг харилцаанд тулгуурласан стратегийн түншүүд билээ. Сүүлийн жилүүдэд манай хоёр улсын хамтын ажиллагаа улам бүр өргөжин тэлж, ялангуяа эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалтын салбарт шинэ боломжууд гарч ирсээр байна.
Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Касым-Жомарт Токаевын 2024 онд Монгол Улсад хийсэн төрийн айлчлалын үеэр Монгол-Казахстаны бизнесийн зөвлөлийг байгуулж, анхдугаар хурлаа хийсэн. Улмаар УИХ-ын даргын Бүгд Найрамдах Казахстан Улсад 2025 онд хийсэн албан ёсны айлчлалын үеэр тус зөвлөлийн II хурлыг Астана хотноо зохион байгуулсан. Эдгээр өндөр түвшний харилцан айлчлал нь бизнесийн салбарынхны хамтын ажиллагааг бодитоор урагшлуулах, шинэ түншлэлийг бий болгох бат бөх суурийг тавьж өгсөн юм.
Өнөөдрийн энэхүү уулзалт нь хоёр орны бизнес эрхлэгчид харилцаа холбоо тогтоох, туршлага солилцох, хамтын ажиллагааны шинэ боломжийг бүрдүүлэхэд чухал индэр болж байна. Бид хөдөө аж ахуй, уул уурхай, тээвэр логистик, эрчим хүч, дэд бүтэц зэрэг олон салбарт харилцан ашигтай түншлэлийг өргөжүүлэх бүрэн боломжтой” хэмээн тэмдэглэлээ.

Иймд МҮХАҮТ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Саруулаас хоёр орны бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны ямар гарц бүрдэж байгааг тодрууллаа. Тэрбээр, “Казахстан улстай 2025 онд хийсэн нийт худалдаа эргэлт 60 сая ам.доллар байна. Энэ нь харьцангуй чамлалтай үзүүлэлт. Бусад улс орнуудтай харьцуулахад бид газар зүйн хувьд ойр оршдгийн зэрэгцээ гуравдагч хөрш гэдэг утгаараа худалдааны эргэлтийн хэмжээг өсгөх бүрэн бололцоотой.
Тэгэхээр хамтын ажиллагааны ямар боломж байна вэ гэсэн асуудал яригдана. УИХ-аас өнгөрсөн оны 12 дугаар сард “Монгол Улс болон Евразийн эдийн засгийн холбоо, түүний гишүүн орнууд хоорондын худалдааны түр хэлэлцээр”-ийг соёрхон баталсан. Энэхүү хэлэлцээрийг соёрхон баталснаар 367 нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг татваргүй нэвтрүүлэх боломж бүрдээд буй. Тэдгээрийн 80-90 хувь нь хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн эзэлж буй. Иймд мах, махан бүтээгдэхүүн, арьс шир, ноос ноолуур зэрэг бараа бүтээгдэхүүний худалдааг ойрын хугацаанд 3 дахин нэмье гэсэн чиглэлтэй ажиллаж байна.
Үүний дараагаар уул уурхайн салбар орно. Тус салбарт хамтаръя гэсэн санал олноор ирж байгаа. Мөн Казахстаны чөлөөт бүсээр дамжуулан Европ руу бараа гаргахад монголын компаниудад дэмжлэг үзүүлэх, тухайн бүсэд газар олгох, оффис байгуулах зэрэг асуудлыг ярьж буй. Тэгэхээр манай бизнес эрхлэгчид олдож буй боломжийг бүрэн дүүрэн ашиглах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэхэд анхаарах нь зүйтэй” гэлээ.
Энэхүү уулзалтаар казахстаны талаас хүнсний үйлдвэрлэл, гадаад худалдаа, барилга, химийн бодис болон хувцас үйлдвэрлэлийн салбарын төлөөлөгчид оролцож, зарим аж ахуйн нэгж хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурав.


