Х.Отгонмөнх: Өмнөговь аймаг сум бүрд хөв цөөрөмтэй болох эхний зорилтоо биелүүлээд байна

Цөлжилт, газрын доройтол, гангийн асуудлаар дэлхийн 197 орны зочид төлөөлөгчид оролцож буй Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенцын Талуудын 17 дугаар бага хурал өнөөдөр хоёр дахь өдрөө үргэлжилж байна.

Өнөөдрийн хувьд тус бага хурлаар шинжлэх ухаанч арга ажиллагааг онцолж байна. Үүнтэй холбогдуулж Өмнөговь аймгийн Байгаль орчны газрын дарга Х.Отгонмөнхөөс тус аймагт хэрэгжиж буй хөв цөөрмийн төсөл, түүний явц, үр дүнг тодрууллаа.

Тэрбээр,

-“Өмнөговь аймаг нь гадаргын усан сүлжээгүй усан хангамжийн эх үүсвэрээ гадаргын газрын доорх усаар хангадаг бүс нутаг юм. Иймд аймгийн ИТХ-ын хуралдаанаар “Говь+ус” хөтөлбөрийг баталсан. Уг хөтөлбөрийн гол санаа нь гүний усны хэрэглээг гадаргын усны хэрэглээтэйгээ ойртуулах явдал гэж үзсэн. Өөрөөр хэлбэл, гадаргын усыг илүүтэй ашиглахыг зорьсон гэсэн үг.

Аймгийн хэмжээнд 2020 оноос хойш 16 хөв цөөрөм байгуулаад байна. Тэдгээр хөв цөөрмийг Өмнөговь аймгийн орон нутгийн төсөв, байгалийн нөөц ашигласны төлбөр болон уснаас орж байгаа орлогын тодорхой хэсгээр байгуулсан. Үүний зэрэгцээ ус тогтох боломжтой хэмээн тооцсон газарт хийх 6 хөв цөөрмийн зураг бэлэн байна. Зардал тооцоог нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн. Энэхүү төслөө бид COP-д танилцуулж буй.

Үүний зэрэгцээ манай аймаг 600 гаруй булаг шандтай. Хэдийгээр олон тоо сонсогдож байгаа ч говийн булаг шанднаас маш бага хэмжээний ус ундарна шүү дээ. Тиймээс тэдгээрийн цэвдгийг хамгаалах зорилгоор 6 булгийн эхийг хашиж хамгаалах ажлыг эхлүүлээд байна.

Говийн жижигхэн усны эх дээр хээрийн амьтад, мал шавснаас болж ойр орчим нь бохирддог. Зүлэг дэрсийг нь идчихдэг. Ингэхээр ундарга нь багасдаг. Тиймээс мал орохгүй байх зайнд маш сайн чанарын хамгаалалттай хашаа хийж, тэндээс урссан усыг жижиг хөв болгон, мал амьтан усалдаг байхаар зурагт туссан.

Ямар ч байсан бид сум бүрд хөв цөөрөм байгуулах эхний зорилтоо биелүүлээд явж байна. Зарим сум хоёр хөв цөөрөмтэй болсон. Энэ жилийн хувьд Цогтцэций, Манлай, Ханбогд, Цогт-Овоо суманд хөв цөөрөм байгуулчих юм бол манайх ер нь бүх сумандаа хөв цөөрөмтэй болж байгаа юм. Ингэснээр гадаргын усыг тодорхой хэмжээнд хэрэглэдэг болж байна гэв.

Х.Отгонмөнх: Өмнөговь аймаг сум бүрд хөв цөөрөмтэй болох эхний зорилтоо биелүүлээд байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн