Хөл бөмбөгийн ДАШТ-1994

Тавдугаар сар 22, 2026
Хөл бөмбөгийн ДАШТ-1994

Улаанбаатар2026 оны хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ, Мексик, Канад гэсэн Хойд Америкийн гурван улсын 16 хотын 16 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 11-нээс долоодугаар сарын 19-ний өдрүүдэд болох гэж байгаа билээ. Энэ удаагийн ДАШТ-д түүхэнд анх удаа 48 орны шигшээ багууд өрсөлдөнө.

Хүн төрөлхтний их баяр цэнгэл наадам болох хөл бөмбөгийн ДАШТ болох гэж байгаатай холбогдуулан уншигчдадаа дэлхийн хамгийн том спортын баярын түүхийг цувралаар хүргэж байна. 

Хөл бөмбөгийн ДАШТ-1994

1994 оны хөл бөмбөгийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн (ДАШТ) АНУ-ын 9 хотын 9 цэнгэлдэх хүрээлэнд зургаадугаар сарын 17-ноос долоодугаар сарын 17-ны өдрүүдэд болсон билээ.

Тус тэмцээн нь өмнөх ДАШТ-тэй ижил системээр явагдсан хэдий ч хэсгийн тоглолтод хожсон багт 3 оноо өгдөг болсон анхны дэлхийн аварга гэдгээрээ онцлог байв.

Аваргын төлөөх шийдвэрлэх тоглолтод Бразил, Италийн багууд тунан үлдэж, үндсэн болон нэмэлт цагт гоол ороогүй тул торгуулийн 11 метрийн цохилтоор аваргыг тодруулсан юм. Торгуулийн цохилтоор Бразилын шигшээ баг 3:2-ын харьцаагаар хожиж, түүхэндээ 4 дэх удаагаа дэлхийн аваргын цомыг хүртжээ.

Тус ДАШТ-ийг тойрсон сонирхолтой баримтуудыг дурдвал:

Хөл бөмбөгийн ДАШТ-1994Шведийн шигшээ баг шуугиан тарьж, 1958 оноос хойш үзүүлээгүй байсан амжилтаа үзүүлж 3-р байр эзэлсэн бол, Болгарын баг шөвгийн 8-д дэлхийн аварга Германы багийг мулталж 4-р байрт шалгарсан. 

  • 1994 оны хөл бөмбөгийн ДАШТ 24 баг оролцсон сүүлийн ДАШТ болсон.
  • Тоглолтууд болсон цэнгэлдэх хүрээлэнгүүд 91000 хүртэл үзэгчдийн багтаамжтай байсан ба нэг тоглолтыг дунджаар 69000 хүн үзэж нийтдээ 3,6 сая үзэгч ирж байсан нь одоог хүртэл эвдэгдээгүй үзүүлэлт юм.
  • Аваргын цом гардсан Бразилийн шигшээ багийнхан ДАШТ-ний өмнөхөн Сан-Марино гийн Гран-Пригийн үеэр харамсалтайгаар осолдсон “Формулы-1”-ийн Бразил нисгэгч  Айртон Сеннагийн дурсгалд зориулсан асар том зурагт хуудсыг талбай дээр дэлгэж байсан.
  • ОХУ-Камеруны хэсгийн тоглолтод ОХУ-ын хөл бөмбөгчин  Олег Саленко 5 гоол хийсэн  бол Камеруны хөл бөмбөгчин  Роже Милла 42 настайдаа гоол хийсэн нь түүхэнд бичигдэж үлджээ. 
  • Аргентины домогт хөл бөмбөгчин  Диего Марадонагийн сэргээшийн шинжилгээнд эфедрин илэрсэн тул ДАШТ-нд оролцохыг нь хориглосон.
  • Мексик, Болгарын шөвгийн 8-ын тоглолтын үеэр хугарсан хаалгыг солих ажиллагаанд 30 минут зарцуулж байсан.
  • ДАШТ-ний тоглолтод санамсаргүй байдлаар өөрийнхөө хаалганд гоол оруулсан Колумбийн хөл бөмбөгчин  Андрес Эскобарыг 1994 оны 7-р сарын 2-ны өдөр нутагтаа очоод байхад нь үл бүтэх этгээд 12 удаа буудаж амийг нь хөнөөсөн.
  • 1994 оны ДАШТ-ний бэлэг тэмдэг нь  Walt Disney компанийн бодож олсон Страйкер хэмээх нохойн дүрс байлаа.

Энэ удаагийн ДАШТ-ний мэргэн буучаар ОХУ-ын хөл бөмбөгчин Олег Саленко, Болгарын хөл бөмбөгчин Христо Стоичков нар тус бүр 6 гоол оруулсан амжилтаараа шалгарч байжээ.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн