БНАКонго улсын баг хөл хорионд орох ёстой гэв

ВАШИНГТОН, 2026 оны тавдугаар сарын 23 /ТАСС/. Бүгд Найрамдах Ардчилсан Конго улсад эбола вирусний халдвар дэгдсэн тул тус улсын шигшээ багийг хөл бөмбөгийн ДАШТ-д оролцуулахгүй байж магадгүй гэж телевизийн ESPN суваг мэдээлжээ.

ДАШТ-ий асуудал эрхэлсэн Цагаан ордны ажлын хэсгийн ахлагч Эндрю Жулиани мэдэгдэхдээ, Бельгид бэлтгэл хийж байгаа, удахгүй нөхөрсөг тоглолтуудад оролцохоор төлөвлөж буй БНАКонго улсын баг тэндээ хөл хорионд орох ёстой, ороогүй тохиолдолд ДАШТ-ийг зохион байгуулагч улсууд руу нэвтрүүлэхгүй байх магадлалтай гэжээ.  

“Хьюстон хотод 6 дугаар сарын 11-нд ирэхээсээ өмнө 21 хоногийн хөл хорионд орох ёстой гэдгийг тэдэнд маш тодорхой тайлбарласан. Мөн тус улсын засгийн газарт хандан хөл хорионд орох ёстой гэдгийг мэдэгдсэн. Үүнээс илүү ойлгомжтой зүйл гэж үгүй” хэмээн Жулиани хэлэв.

Өмнө нь БНАКонго улсын нутаг дэвсгэрт эбола вирусний халдвар тархсан тул тус улсын шигшээ баг нийслэл Киншаса хотод хийх гэж байсан тоглолтоо цуцалж, Бельгид зохион байгуулахаар шийдвэрлэсэн байна.

Тус баг ДАШТ-ий хэсгийн шатанд Португал, Узбекистан, Колумбын багуудтай тоглох бөгөөд хоёр тоглолт АНУ-д, нэг тоглолт Мексикт болох юм.

Сануулан дурдахад, энэ сарын 17-ны өдөр эбола вирусний халдвар дэгдсэнтэй холбогдуулан элхийн эрүүл мэндийн байгууллагаас БНАКонго улс ба Уганда улсад эрүүл мэндийн салбарт онц байдал зарласан билээ. Одоогийн байдлаар БНАКонго улсад халдварын 750 орчим тохиолдол илэрч, 177 хүн нас баржээ. Угандад нэг хүн нас барсан нь БНАКонго улсын иргэн байв. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн