РИО-ДЕ-ЖАНЕЙРО, 2026 оны тавдугаар сарын 20 /Reuters/. Ирэх сард эхлэх хөл бөмбөгийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд (ДАШТ) оролцох Бразилын шигшээ багийн бүрэлдэхүүнд Неймар багтсан тухай тус багийн ахлах дасгалжуулагч Карло Анчелотти даваа гарагт мэдэгдлээ.
Бразилын шигшээ багийн бүх цаг үеийн шилдэг мэргэн бууч, өдгөө 34 настай тэрбээр хэд хэдэн удаа бэртсэний улмаас урьдчилсан шатны ихэнх тоглолтыг өнжсөн бөгөөд удаан хугацаанд талбайд гараагүй байсны эцэст ийнхүү эргэн ирж байна. Дэлхийн таван удаагийн аварга Бразилын багийн хувьд энэ удаагийн тэмцээнээс зургаа дахь цомоо хүртэж, дээд амжилтаа ахиулах зорилго тавин оролцох гэж байна.
“Бид Неймарын байдлыг жилийн турш ажигласан. Сүүлийн үед түүний тоглолт тогтвортой болж, бэлтгэл нь эрс сайжирсныг бид анзаарсан” гэж К.Анчелотти даваа гарагт болсон хэвлэлийн бага хурлын үеэр хэлжээ.
Бразилын шигшээ багт урьдчилсан шатны болон сүүлийн үеийн нөхөрсөг тоглолтуудад оролцсон тоглогчдыг ерөнхийд нь хэвээр үлдээсэн бөгөөд Винисиус Жуниор, Рафинья, Матеус Кунья, Эндрик нар Неймартай хамт довтолгоог гүйцэтгэнэ.