“Барселона”-тай хийх тоглолтод К.Мбаппе оролцоно

МАДРИД, 2026 оны тавдугаар сарын 5 /sport-express.ru/. “Реал Мадрид” багийн довтлогч Килиан Мбаппегийн гэмтэл эдгэрсэн тул тэрбээр Ла Лигийн 35 дугаар тойрогт “Барселона”-тай хийх тоглолтод оролцоно гэж El Partidazo de COPE радиогийн суваг мэдээлжээ.

Дөрөвдүгээр сарын 24-нд Испанийн аварга шалгаруулах тэмцээний 32 дугаар тойрогт “Бетис” багтай хийсэн тоглолтын үеэр /1:1/ Мбаппегийн зүүн хөлийн шөрмөс гэмтсэн юм.

Хэвлэлүүдэд бичсэнээр, тэрбээр гэмтлээ эдгээж, нөхөн сэргээх эмчилгээ хийлгэхийн оронд Испанийн жүжигчин эмэгтэй Эстер Экспозито-той хамт Италийн Кальяри хотод цагийг өнгөрүүлсэн нь зарим хөгжөөн дэмжигчид, “Реал”-ын тоглогчдын дургүйцлийг хүргэсэн байна. Мөн зарим мэдээллээр, “Реал”-ын ахлах дасгалжуулагч Альваро Арбелоа хэдийгээр илааршсан ч гэсэн түүнийг гарааны бүрэлдэхүүнд оруулахгүйгээр шийдвэрлэжээ.

“Эль-Классико” гэж нэрлэгддэг “Реал Мадрид”, “Барселона” багуудын тоглолт Улаанбаатарын цагаар 11-ний өглөөний 03.00 цагт эхэлнэ. Одоогийн байдлаар “Реал” баг Испанийн АШТ-ий хүснэгтийн хоёрдугаарт бичигдэж байна. Тэмцээн дуусахад дөрвөн тоглолт үлдээд буй энэ үед мадридчууд хүснэгтийг тэргүүлж буй “Барселона”-гаас 11 оноогоор дутуу явна.

Энэ улиралд Мбаппе нийт 41 тоглолтод оролцохдоо 41 гоол оруулж, 6 оновчтой дамжуулалт өгөөд байна. Үүнээс Ла Лигийн тоглолтуудад 24 гоол, Аваргуудын лигт 15 гоол оруулснаар мэргэн буучдын жагсаалтыг тэргүүлж байгаа юм. 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн