НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш Ням гарагт Арабын Нэгдсэн Эмират улсын Абу Даби хотын Барака атомын цахилгаан станцад нисгэгчгүй онгоцоор дайралтын үеэр цахилгаан үүсгүүр шатсанд гүнээ түгшиж байгаагаа илэрхийлэв.
“Би Ойрхи Дорнод дахь мөргөлдөөн улам хурцдах аюулын талаар байнга анхааруулсаар ирсэн бөгөөд энэ үйл явдал нь байлдааны ажиллагааг бүрэн зогсоох бас нэг шалтгаан болж байна” гэж НҮБ-ын тэргүүн хэлэв.
Атомын цахилгаан станц зэрэг иргэний дэд бүтцийн ойролцоо халдлага үйлдэх нь хүлээн зөвшөөрөгдөхгүй бөгөөд олон улсын хуулийг зөрчиж байна гэж Гутерриш онцоллоо.
Олон улсын атомын энергийн агентлаг (ОУАЭА) өмнөх өдөр нь Арабын нэгдсэн Эмират улсын эрх баригчид АЦС-ын цацрагийн түвшин хэвийн байгаа бөгөөд хүний амь үрэгдэгсэд байхгүй гэж тус агентлагт мэдээлсэн байна.
ОУАЭА-ийн мэдээлснээр станцын дотоод периметрийн гадна байрлах цахилгаан үүсгүүр шатсан байна. Одоогийн байдлаар гуравдугаар цахилгаан блокийн эрчим хүчийг яаралтай дизель генератороор хангаж байна. Тус агентлаг нөхцөл байдлыг анхааралтай ажиглаж байгаа бөгөөд шаардлагатай бол тусламж үзүүлэхийн тулд АНЭУ-ын эрх баригчидтай байнга холбоотой байдаг.
ОУАЭА-ийн ерөнхий захирал Рафаэль Гросси болсон үйл явдалд гүнээ санаа зовж байгаагаа илэрхийлж, цөмийн аюулгүй байдалд заналхийлсэн аливаа цэргийн үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрөхгүй гэдгийг онцлон тэмдэглэв. Тэрээр цөмийн ослын эрсдэлээс зайлсхийхийн тулд цөмийн байгууламжийн ойролцоо “хамгийн их хязгаарлалт” хийхийг талуудад дахин уриалав.