Жил бүрийн есдүгээр сарын 10-ны өдөр хүндэтгэн өнгөрүүлдэг “Улс төрийн хэлмэгдэгсдийн дурсгалын өдөр”-ийн хүрээнд харь улсад хэлмэгдсэн 249 Монгол иргэдийн нэр бүхий гэрэлт хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ өнөөдөр боллоо.

Энэхүү арга хэмжээнд УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах Улсын комиссын нарийн бичгийн дарга Ч.Цасчихэр, ажлын алба, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Нийслэлийн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комиссын дарга Д.Ихбаяр, Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар, Багахангай дүүргийн салбар комисс, Монголын улс төрийн хэлмэгдэгсдийн холбоо, Бурханы шашины төв Дэчинравжайлин хийдийн лам нар, Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн хөгжмийн салаа болон хэлмэгдэгчдийн ар гэрийн төлөөлөл оролцлоо. 

2001 онд ОХУ-ын Москва хотын Коммунарка мужийн Бутово дахь тусгай обьект дэх “ЗСБНХУ-д хэлмэгдсэн Монгол иргэдийн дурсгалд зориулсан гэрэлт хөшөө”-ний хувилбарыг Улаанбаатар хотын Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд Нийслэлийн салбар комисс, НИТХ-ын ажлын албатай хамтран Улсын комиссын санаачилгаар 2022 онд босгосон. Энд Москвад дуудагдаж, цаазын ял авсан Монгол Улсын Ерөнхий сайд А.Амар, Ерөнхий сайд П.Гэндэн, Улсын Бага Хурлын дарга Д.Догсом, Улсын Бага Хурлын орлогч дарга Д.Лосол, Сангийн сайд С.Довчин нарын зэрэг төр, нийгмийн зүтгэлтнүүд болон сэхээтнүүдийн нэрийг бичсэн байдаг юм.

Мөн энэ өдөр Нийслэлийн Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс, Сонгинохайрхан дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал бөгөөд Цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах салбар комисс болон Монголын Бурхан шашны “Соёмбо сүм” ТББ-аас лам нарын гэгээн дурсгалд зориулан босгосон Хамбын овоо дахь ‘‘Давхарлагт байшин суварга’’-д цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээг зохион байгууллаа.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн