“Бүс нутгийн түүх, соёлын уулзвар дахь монгол орон ба монголчууд” олон улсын эрдэм шинжилгээний хурал “Чингис хаан” үндэсний музейд болж байна.

Хуралд Монгол, Япон, ОХУ (Саха), Их Британи, БНХАУ, ХБНГУ-ын их сургууль, эрдэм шинжилгээний 20 байгууллагын 30 гаруй эрдэмтэн судлаач оролцож, “Итгэл бишрэл, орон зай ба түүхэн дурсамж”, “Төр ба нийгэм дэх хил хязгаар, ижилсэлийн шилжилт”, “Шилжилтийн үе дэх шашин, зан үйл ба соёлын өв”, “Эзэнт гүрний засаглал, захиргаа ба хил хязгаарын бүс нутгийн нийгэм” салбар хуралдаанаар 20 илтгэл хэлэлцүүлж байна. Энэ удаагийн хурал уламжлалт архив, сурвалж судлалын шинэ хэрэглэгдэхүүнийг танилцуулахаас гадна сансрын зураглал, зайнаас тандах, нисгэгчгүй нисэх төхөөрөмж зэрэг дэвшилтэт технологид тулгуурласан арга зүйг түүх, соёлын өв, нүүдлийн экологийн судалгаанд ашигласан шинэлэг үр дүнг хэлэлцэж буйгаараа онцлог болж байгаа юм.

“Монгол орон нь Зүүн хойд Ази, Евразийн геополитик, түүх, соёлын чухал уулзвар, нүүдлийн соёл иргэншил, хүрээлэн буй орчны харилцан үйлчлэлийн гол зангилаа нутаг байсаар ирсэн. Өнөө цагт тус бүс нутгийн түүхэн болон орчин үеийн үүрэг, байр суурийг шинээр судалж, дэвшилтэт арга зүйд тулгуурлан дахин авч үзэхийн зэрэгцээ олон улсын эрдэмтэн судлаачийн салбар хоорондын хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх нь хурлын ач холбогдол” гэдгийг “Чингис хаан” үндэсний музейн захирал, академич С.Чулуун хурлыг нээж хэлсэн үгэндээ тодотголоо.

Иймээс тус хурал олон улсын эрдэмтэн судлаачийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргаж, бүс нутгийн түүх, соёлын судалгааны цар хүрээ, арга зүйн боломжийг өргөжүүлж, судалгааны хөгжилд хувь нэмэр болж байна. Хурлын илтгэл, судалгааны үр дүнг эмхэтгэн 2027 онд хэвлэн нийтэлж, олон улсын эрдэм шинжилгээ, судалгааны эргэлтэд оруулах ажээ.

МУИС-ийн Түүхийн тэнхимийн дэд профессор О.Оюунжаргал, “Монголын түүхийн судалгаанд XVIII-XIX зуун, манжийн үеийн эх сурвалж хамгийн их бий. Судлаачид 200 жилийн түүхийн монгол, манж хэлээрх сурвалжийг уншаад, түүхээ тодорхойлох, зөрүүтэй маргаантай хэсгийг нь шийдэх, дутууг нь залруулах, архивын шинэ сурвалжийг олж нээн, судалгааны эргэлтэд оруулах зэрэг асуудлыг дэвшүүлдэг. Ингэхдээ Монголын үндэсний төв архив, БНХАУ-ын ӨМӨЗО-ны монголын түүхтэй холбоотой манж, монгол хэлээрх баримт, сурвалжийг судалж, шинэ мэдээллээ хуваалцдаг. Судлаачид нэг зүйлийг өөр эх сурвалжаас судалж ярилцан, дараагийн хурлын сэдвээ шийддэг. Энэ хурал тогтмол болвол монголын түүхийн судалгаа урагшилж, хөгжиж байна гэсэн үг. Нэг жишээ дурдахад засаг хошуу гэдгийг засаг нь анх хошууны захирагч бус хууль цаазыг хэрэгжүүлэгч утгаар манжийн үеийн засаг ноён байсан бол одоо аймаг, сумын Засаг дарга гэх болсон. Нэг үг үе үеэсээ хамаараад утга нь өөр байна гэдэгт судлаачид санал нэгдсэн” хэмээв.

Монголын ган, зудын байдлыг судалж буй Японы Тохоку их сургуулийн Зүүн хойд Азийн судалгааны төвийн дэд профессор Томита Такахиро ярихдаа, “Зүүн хойд Азид байгалийн ижил бүс нутаг БНХАУ-ын ӨМӨЗО, ОХУ, Казахстан, Монголын ган, зудын түүх, өнөөгийн нөхцөл байдлыг олон талаас харьцуулж байна. Монголын малчдын ган, зудыг давж ирсэн ухааныг судлах хэрэгтэй. Өвөрмонгол Казахстанд гамшиг багассан нь газар тариалан эрхлэх нь ихсэж, бэлчээр хумигдсантай холбоотой. Гэхдээ газрын үржил шим муудсан. Монголын хувьд газраа хувьчлаагүй, бэлчээрээ хамтдаа ашигладаг тул үржил шим нь хэвээр. Харин ган, зудыг давах бодлого чухал болсон. Учир нь социализмын үед улсаас нэгдэл байгуулж, бодлогоор хадлан тэжээл бэлтгэн бэрхшээлийг сайн давж байсан. Ардчилсан нийгэмд шилжин, системийн бодлого өөрчлөгдсөнөөр энэ нь хувь хүний асуудал болсон. Үүн дээр дэлхийн дулаарал ч нэмэгдэж, ган, зудын бэрхшээл хүндэрсэн. Монгол Улс янз бүрийн арга хэмжээ авч, “Шинэ хоршоо” хөдөлгөөн өрнүүлж байна. Хоршоог яаж ашиглавал үр дүнтэйг судалж байна. Улсаас зохицуулах, өөрсдөө хорших нь ондоо ойлголт ч гэлээ яаж уялдуулах арга хэрэгсэл хэрэгтэй” гэлээ.

ШУА-ийн Түүх, угсаатны зүйн хүрээлэн, “Чингис хаан” үндэсний музей, МУИС-ийн Түүхийн тэнхим, Архивын ерөнхий газар, Япон улсын Тохокү их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Умард нутгийн цөөн тоот ард түмэн ба хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн хамтран 2003 оноос хойш 2-3 жил тутам зохион байгуулж буй тус хурал маргааш үргэлжилнэ. Хуралд Японы Токоху, Кобэ, Ямагата, Цүкүба, Кагошима, Канто гакүин, Токиогийн Гадаад судлалын, Осака Боловсролын их сургууль, ОХУ-ын ШУА-ийн Сибирийн салбарын Умард нутгийн цөөн тоот ард түмэн ба хүмүүнлэгийн судалгааны хүрээлэн, М.К.Аммосовын нэрэмжит Зүүн Хойд холбооны их сургууль, БНХАУ-ын Фудан, Өвөр Монголын их сургууль, Өвөр Монголын Багшийн их сургууль, Их Британийн Абердиний их сургууль, ХБНГУ-ын Триерийн их сургуулийн төлөөлөл оролцож байна. Иймд хурал нь хамтын ажиллагааны залгамж чанарыг бэхжүүлж, оролцогч улс орон, байгууллагын цар хүрээг өргөжүүлж байгаа ач холбогдолтой юм.

Түүх, угсаатны зүйн хүрээлэн, Японы Токоху их сургуулийн Зүүн хойд Ази судлалын төв 2003 оноос хамтын ажиллагаагаа эхлүүлж, олон улсын эрдэм шинжилгээний хурлууд зохион байгуулж, 6-7 хурлын үр дүн, шинэ тайлбар мэдээг эмхэтгэн хэвлүүлжээ. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн