Төрийн үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулж, иргэдийн санал, хүсэлтийг хүлээн авах “Хотын дарга сонсож байна” 150150 тусгай дугаарыг зургаа хоногийн өмнөөс ажиллуулж эхэлсэн.
Тэгвэл энэхүү дугаарыг хэрхэн ашиглах талаар нийслэлийн Төрийн үйлчилгээний чанар хариуцсан зохицуулагч Б.Сэмжидмаа мэдээлэл өгчээ.

Тэрбээр “Иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг тусгайлан ажиллаж буй багийнхан хүлээн авч, нийслэлийн холбогдох 22 удирдлагад шуурхай хуваарилан хүргэж байна. Тав хоногийн дараа хариу мэдээллийг хүргэнэ. Иргэдээс “150150 тусгай дугаар руу залгахаар дуудлага хүлээж авахгүй байна” гэх санал цөөнгүй ирсэн. Энэ нь гаднаас дуудлага хүлээн авахгүй, зөвхөн мессежээр үнэ төлбөргүй хандах боломжтой. Ингэснээр иргэдийн ирүүлсэн санал, хүсэлтийг эргэх холбоотой, нотлох баримттай, хариуцах тодорхой эзэнтэй байлгах боломжтой юм. Санал, хүсэлтээ илгээхдээ тухайн мэдээлж буй газрын хаяг, байршил, асуудлыг тодорхой бичээрэй. Тодорхойгүй зурвасыг нарийвчлан тодруулж, иргэнтэй эргэн холбогдоход цаг хугацаа алдахаас гадна шийдвэрлэлтийн хугацаа уртасна” гэлээ.
Иргэд 150150 тусгай дугаарт мессеж үнэгүй илгээн санал, хүсэлт, гомдлоо илэрхийлэхээс гадна [email protected] и-мэйл хаягаар холбогдох боломжтой юм. Өнөөдрийн байдлаар 150150 тусгай дугаарт давхардаагүй тоогоор 1634 иргэнээс санал, хүсэлт иржээ.