Орон нутгийн тулгамдсан асуудлыг дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоонд тулгуурлан шийдвэрлэнэ

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр аймгуудын Засаг дарга, яамдын Төрийн нарийн бичгийн дарга нартай 2026-2027 оны өвөлжилтийн бэлтгэл ажил, орон нутагт тулгамдаж буй, шийдвэрлэх нэн шаардлагатай асуудлын талаар цахимаар өчигдөр хуралдлаа. 

Аймгуудаас өвөлжилтийн бэлтгэл, улсын төсөвт тусгах шаардлагатай нийт 205 төсөл, үйл ажиллагааны санал ирүүлснээс холбогдох яамдад хуваарилан, шийдвэрлэлтийг зохион байгуулж байна. Үүнээс эрчим хүч, дулаан хангамж, инженерийн шугам сүлжээний 48 төсөл, үйл ажиллагааг 2027 оны улсын төсөвт тусгуулахаар Сангийн яаманд хүргүүлжээ. 

Тухайлбал, Булган аймагт дулааны цахилгаан станцын тарифын зохицуулалттай холбоотой 9.4 тэрбум төгрөгийн өр төлбөр үүссэн, станцын хоёр зуух бүрэн хүчин чадлаар ажиллах боломжгүй талаар дүгнэлт гарсан байна. Эрчим хүчний яамнаас хэрэглэгчийн тарифыг зохистой тогтоогоогүйгээс авлагын асуудал үүсэж, шийдвэрлэхээр ажиллаж байгаа юм.

Дорнод аймаг замын ажлын гүйцэтгэл, үлдэгдэл санхүүжилтийн асуудал, Говьсүмбэр аймаг дулааны цахилгаан станц, сургууль, цэцэрлэгийн барилга, замын ажил, Хөвсгөл аймаг 100 ортой хүүхдийн эмнэлгийн барилгыг ашиглалтад оруулах, Ханх чиглэлийн замын ажлыг эрчимжүүлэх зэрэг асуудлыг танилцууллаа. Хөвсгөл аймгийн хүүхдийн эмнэлгийн барилгын ажил 2019 оноос эхэлж, ашиглалтад оруулахад шаардлагатай 3.2 тэрбум төгрөгийг 2027 оны төсвийн төсөлд тусгуулахаар санал хүргүүлжээ. 

Орхон аймаг дулааны шугам сүлжээний шинэчлэл, сургууль, цэцэрлэгийн дулаан алдагдлыг бууруулах шаардлагатайг танилцуулав. Өмнөговь аймаг орон нутагт санхүүгийн болон худалдан авах ажиллагааны эрх мэдлийг нэмэгдүүлэх, хадлантай холбоотой шатахууны хангамжийг тогтвортой байлгах асуудлыг хөндлөө.

Улсын онцгой комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү, “Баян-Өлгий, Ховд аймагт бүртгэсэн САТ-1 төрлийн шүлхий өвчний голомттой холбоотой гарсан зардлыг мал эмнэлгийн байгууллагаар зардлын тооцоо, холбогдох баримт бичгийг нэгтгэн ирүүлсний дараа шийдвэрлэнэ” гэв. 

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас Хөвсгөл, Архангай аймагт 2025 онд хэрэгжүүлсэн малын эрүүл мэнд, дархлаажуулалтын он дамжсан өр төлбөрийг шийдвэрлэхээр ажиллаж буйгаа хэллээ. 

Шадар сайд Н.Номтойбаяр Монгол Улсын Ерөнхий сайдын “дуусдаггүй яриаг дуусгая” гэсэн зарчмын дагуу жил бүр аймгуудад тулгамддаг, уламжлал мэт тогтчихсон сэдвүүдийг хааж, нэгдсэн шийдэл гаргахаар Засгийн газар ажиллаж буйг тодотгов. Тэрбээр “Сэлэнгэ, Сүхбаатар, Говь-Алтай аймаг өөрсдийн нөөц боломжоо ашиглаж, асуудлаа шийдэж буй сайн жишгийг нэвтрүүлж байгаа бол зарим аймаг “халамжийн систем”-д орсон мэт бүхий л асуудлаа улсын төсвөөр шийдүүлдэг арга барилтай байгааг засах ёстой” гэв.

Мөн улсын төсвөөр бүхнийг шийдэх бус  орон нутгийн дотоод нөөц, хувийн хэвшлийн оролцоо, бусад боломжит эх үүсвэрийг ашиглаж асуудлаа шийдвэрлэж, аймгуудад дутуу гүйцэтгэлтэй байгаа спорт цогцолбор, усан бассейн зэрэг төслийг менежментийн гэрээгээр хувийн хэвшилд шилжүүлж, дутуу санхүүжилтээ шийдүүлэх боломж эрэлхийлэн ажиллахыг Засаг дарга нарт үүрэг болголоо.

Монгол Улсын Засгийн газар “Чөлөөлье” бодлогоор эдийн засагт төрийн оролцоог багасгаж, хийж бүтээж чаддаг хувийн хэвшлүүдээ дэмжих чиглэл баримталж байна. Тиймээс орон нутгууд хөрөнгө оруулагчдаа дэмжих, нэн шаардлагатай төсөл, хөтөлбөрөө хэрэгжүүлэхэд хамтран ажиллах шаардлагатай байгааг Шадар сайд онцолсон юм.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн