Улаанбаатар, 2026 оны наймдугаар сарын 10 //. Төв цэнгэлдэх хүрээлэнд энэ сарын 22, 23-нд зохион байгуулах Хархорум фестивалийн тухай Богд хааны ордон музейд өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр мэдээллээ.
Дөрөв дэх жилдээ зохион байгуулах тус фестиваль энэ удаа илүү өргөн хөтөлбөрөөр үзэгчдэд хүрэх бөгөөд “TIME” сэдвийн хүрээнд Хүннүгийн үеэс өнөөг хүртэлх Монголын түүхийн таван томоохон үйл явдлыг дижитал урлагийн шийдлээр дүрслэн харуулах ажээ.
Фестивалийн ерөнхий зохион байгуулагч Б.Урантулга өнөөдөр болсон хэвлэлийн хурлын үеэр хэлэхдээ, “Бид COP17 бага хурлын үзэл бодолтой нэгдэж, “Нэг тасалбар-нэг мод-нэг өв” төслийг санаачлан, тоглолтын орлогоор “Хархорум төгөл” байгуулна” хэмээн онцлоод, “Олон улсын томоохон үйл ажиллагаа, төсөл хөтөлбөрүүд зөвхөн техник, технологийн хөгжил дэвшлийг танилцуулаад зогсохгүй нийгмийн хариуцлагаа хэрэгжүүлж, байгаль дэлхийдээ ээлтэй хандахыг уриалдаг болсон. Үүний нэгэн адил бид энэ жилийн төслөөсөө эхлэн цаашид тогтмол хэрэгжүүлж, уламжлал болгох “Хархорин төв” санаачилгыг хэрэгжүүлэхээр болсон” тухай дурдаж байв.
Мөн энэ удаагийн фестивалийн хүрээнд Монгол Улсад анх удаа 300 метрийн урт, 12 метрийн өндөр дэлгэц бий болгож байгааг онцолсон юм.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн төв тайзыг бүтэн тойрсон 12 метр өндөр, 300 метр урт 360 градусын дэлгэц байрлуулах бөгөөд уран бүтээлч бүрд зориулан бүтээсэн дижитал контент тус дэлгэцээр тасралтгүй үзэгчдэд хүрэх юм.
Ингэснээр тоглолтыг зөвхөн сонсгох бус, дуу хөгжим, дүрслэл, орчинтой нь үзэгчдэд хүргэхийг эрмэлзжээ. Фестивалийн тайзнаа Монголын уран бүтээлчдээс гадна Ирландын алдарт Boyzone хамтлагийн ахлагч, дуучин Ронан Китинг, Берлинд уран бүтээлээ туурвидаг Melodic Techno болон Progressive House урсгалын нэр хүндтэй DJ, продюсер 8Kays нар оролцож, уран бүтээлээ толилуулна. Фестивалийн хүрээнд нийт 12 өдрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөснөөс соёл, түүх, бүтээлч үйлдвэрлэл, хөгжлийн чиглэлийн албан ёсны үйл ажиллагаанууд нь маргаашаас эхлэх ажээ.
Тухайлбал, “Bazaar” төслийн зохион байгуулагч Б.Оюунномин “Хархорин Базар” үйл ажиллагааны талаар мэдээлэхдээ, Монголын үндэсний үйлдвэрлэл, өв соёл, хөгжил, бүтээлч үйлдвэрлэлийн чиглэлээр ажилладаг байгууллага, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг олон нийтэд таниулах, сурталчлах зорилготой”-г онцоллоо.
Тэрбээр “Бид соёлын салбарыг дангаар нь авч үзэхгүйгээр аялал жуулчлал, хоол үйлдвэрлэл, үндэсний үйлдвэрлэл зэрэг олон салбарыг нэг дор уялдуулж, тогтвортой хөгжлийг дэмжих, салбарын оролцогчдын эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэхийг зорьж байгаа” гэв.
“Хархорин Базар”-т үндэсний гар урлал, гэзэг урлал, үндэсний хувцас үйлдвэрлэл, хоол үйлдвэрлэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг 70 гаруй аж ахуйн нэгж оролцох ажээ.
