БРЮССЕЛЬ, 2026 оны есдүгээр сарын 10 /Kazinform/. Хэт халалтын улмаас сүүлийн 30 жилийн түүхэн дэх хамгийн бага хэмжээний усан үзмийн ургац хураан авах төлөвтэй байна гэж Францын дарс үйлдвэрлэгчид таамаглажээ. Энэ тухай Европын Холбоонд суугаа Kazinform агентлагийн сурвалжлагч мэдээллээ.

Францын Хөдөө аж ахуйн яамны үнэлгээгээр, энэ онд 33.9 сая гектолитр дарс /1 гектолитр=100 л/ гаргаж авах хэмжээний усан үзэм хурааж авахаар байгаа нь өмнөх онтой харьцуулахад 6 хувиар, 2021-2025 оны дундаж үзүүлэлтээс 17 хувиар доогуур байна.

Хэрвээ энэ таамаглал батлагдвал сүүлийн 30 жил дэх хамгийн бага ургац хураан авна. Харин Усан үзэм, дарсны олон улсын байгууллагын /OIV/ таамагласнаар, 1957 оноос хойших хамгийн бага ургац хураах төлөвтэй байна. Энэ нь 4.5 тэрбум ширхэг ердийн лонхонд савласан дарстай тэнцэх юм.   

ХААЯ-ны статистикийн албаны мэдээллээр, энэхүү бууралт нь усан үзмийн талбайн хэмжээ 2.5 хувиар багассанаас, мөн хамгийн гол нь цаг агаарын гамшигт үзэгдлээс шалтгаалжээ. “Энэ зун онцгой халуун бөгөөд хуурайшилттай байсан учраас улсын хэмжээнд хөрсний ганшилт эрчимжиж, навч түлэгдэж унах, үр жимс хорчийж хатах үзэгдэл түгээмэл байсан” гэж яамны тайланд дурдсан байна.

Ялангуяа Шампань бүс нутагт 8 дугаар сарын сүүлчээр ургацын хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс бараг хоёр дахин бага байлаа. Мөн Бургон, Божоле мужуудад 30 гаруй хувиар, Луарын хөндийд 12 хувиар бага ургац хураана гэсэн урьдчилсан дүн гарчээ.  

Үр жимс эрт боловсорсон тул усан үзмийн хураалт Францын ихэнх мужид ердийнхөөс эрт эхэлсэн байна. Франц бол дэлхийд дарсны үйлдвэрлэлээр Италийн дараа хоёрдугаарт ордог улс юм.   

Хэт халалтын улмаас ургац алдсан фермерүүдэд Францын засгийн газраас 1 тэрбум гаруй еврогийн тусламж үзүүлэхээр шийдвэрлэсэн байна. 

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн