Францад ахлах ангийн сурагчдын эсэргүүцэл үргэлжилсээр байгаа бөгөөд цагдаа нар 5 мянга гаруй хүнийг баривчилжээ. Баривчлагдсан хүмүүсийн 85 хувь нь насанд хүрээгүй гэж DW мэдээлснийг Kazinform агентлаг дамжуулав.

Францын Боловсролын яамны мэдээллээр 564 дунд сургуульд хичээл хаях ажиллагаа болж, эмх замбараагүй байдал дэгдсэний улмаас 65 ажилтан гэмтэж, 100 гаруй сургуулийн барилгад эвдрэл учирсан байна.

Дотоод хэргийн сайд Лоран Нуньес эсэргүүцэл гэнэтийн шинжтэй байсан бөгөөд нийгмийн сүлжээ багагүй үүрэг гүйцэтгэсэн гэж мэдэгджээ. Зарим үед жагсаал зохион байгуулагчдын хяналтаас гарч байгааг тэрбээр тэмдэглэв. Бельфор хотод цагдаагийн ажилтныг унагаж, зодож буй бичлэг тарсны дараа энэ хэрэгт холбогдуулан 17 настай хөвгүүнийг баривчилсан байна.

Эсэргүүцэл Парисын ойролцоох Кретей хотын Сен-Экзюпери лицейд есдүгээр сарын 21-нд эхэлж, улмаар бусад бүс нутагт тархжээ. Сурагчид нэг ангийн дүүргэлт хэт их, багш дутагдалтай, сургуулийн орчин муу, хичээлийн ачаалал хэт их байгааг эсэргүүцэж байна.

Зарим том хотод жагсагчид шатамхай шингэнтэй лонх шидсэний хариуд цагдаа нар нулимс асгаруулагч хий хэрэглэжээ. Аравдугаар сарын 1-нд эсэргүүцлийн хоёр дахь давалгаа эхэлсэн бөгөөд хөрш Бельгид тархах магадлалтай гэж мэдээлж байна.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн