МОСКВА, 2026 оны аравдугаар сарын 2 /RIA Novosti/. ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин “Валдай” олон улсын хэлэлцүүлгийн клубийн 23 дахь чуулганы нэгдсэн хуралд хурцадмал байдал, цөмийн зэвсэг хэрэглэх эрсдэл, хиймэл оюун болон дэлхийн шинэ дэг журмын талаар үг хэлжээ.
Хэлэлцүүлгийг Фёдор Лукьянов хөтөлсөн. Тэрбээр Балтын тэнгисийн нөхцөл байдал, ОХУ-ын хил орчимд явагдаж буй НАТО-гийн цэргийн сургуулилалт, Калининградад учирч буй аюул, Оросын хөлөг онгоцыг саатуулах оролдлогыг хурцадмал байдлыг даамжруулж буй үйлдэлд тооцож болох эсэхийг асуусан байна.
Балт ба Калининград
Путин Москва хэнийг ч айлган сүрдүүлээгүй, хэн нэгэн рүү довтлох бодолгүй байгааг онцолж, “2029 онд ч, 2030 онд ч, 2050 онд ч” довтлохгүй гэж хэлжээ. Харин шууд халдлагад хариу арга хэмжээ авах шаардлагатай болно. Болзошгүй дайсан тооны хувьд хоёр дахин давуу тул тусгай хэрэгсэл ашиглахаас өөр аргагүй гэж тэрбээр үзсэн байна.
“Орост байгаа шиг зэвсгийн хэрэгсэл дэлхийн өөр хаана ч байхгүй” гээд, Калининград болон Оросын бусад газар нутаг руу шууд халдвал мэдэлд байгаа бүх төрлийн зэвсгийг ашиглах асуудал “гарцаагүй бөгөөд нэн даруй” хэлэлцэх жагсаалтад орно гэжээ.
Оросын хөлөг онгоцыг хүчээр эзлэх оролдлогыг тэрбээр барууны орнуудын түрэмгий үйл ажиллагааны нэг хэлбэр хэмээн тодорхойлсон байна. Газрын тос боловсруулах үйлдвэрүүдэд өгсөн цохилт Орост хохирол учруулсан ч Оросын хариу арга хэмжээ илүү хүнд тусаж, Украины гангийн үйлдвэрлэл хохирол амссан гэж мэдэгджээ. Энэ бүхний цаана олон улсын харилцааны тогтолцоо бүхэлдээ гүнзгий өөрчлөгдөж байна гэж онцолсон байна.
Шинэ дэг журам
Путин хүн төрөлхтөн “цоо шинэ бодит байдлын” эхлэлд ирсэн ч сорилтын цар хүрээг бүрэн ухамсарлаж амжаагүй гэж үзжээ. Их гүрнүүдийн хүчний харьцаа өөрчлөгдөхөөс гадна “хүний биологийн болон ёс суртахууны мөн чанар” ч өөрчлөгдөж байгааг тэрбээр хэлсэн байна.
“Өөрчлөлтийн нуранги”-д өртөхгүйн тулд болгоомжтой байхыг уриалаад, бэлэн стратеги байхгүй, алдаа гарвал маш их үнээр төлж болзошгүй гэж анхааруулжээ. Дэлхийн II дайны дараа байгуулсан байгууллага, институциуд өнөөгийн бодит байдлыг бүрэн тусгахаа больсон. НҮБ-ын талаарх олон шүүмжлэл үндэслэлтэй бөгөөд Африк, Ази, Латин Америкийн орнуудын ашиг сонирхлыг харгалзан тус байгууллагыг шударгаар шинэчлэхийг ОХУ дэмжиж байгаагаа мэдэгджээ.
Өмнөх хэм хэмжээ үйлчлэхээ больсон ч шинэ хэм хэмжээ хараахан бүрэлдээгүй. “Хүчтэй бол ухаан хэрэггүй” гэсэн зарчим зарим тоглогчийн удирдлага болж байгаа мэт харагдавч хэзээ ч сайн үр дүнд хүргэдэггүй гэж тэрбээр хэлсэн байна. Эмх замбараагүй байдал зайлшгүй гарна гэсэн дүгнэлтийг үгүйсгээд, өмнө нь их гүрнүүд өрсөлдөхийн зэрэгцээ хамтран ажиллаж, тогтвортой байдлыг хадгалахыг эрмэлзэж ирсэн. Одоо хуучин институциуд хямарч буй үед эрсдэлийг удирдах хариуцлага нэмэгдэж байна гэжээ.
Хиймэл оюун ба цөмийн эрсдэл
Путин гол сорилтын нэгээр хиймэл оюуныг нэрлэжээ. Хиймэл оюун соёл, оюун санаанд хэрхэн нөлөөлөх нь одоогоор тодорхойгүй. Улс орнууд үйл ажиллагаагаа цахим технологид тулгуурлахын хэрээр тусгаар тогтнолын асуудал хөндөгдөж, урьд “Бүтээгчийн эрх мэдэл” гэж үзэж ирсэн зүйлд хүний оролцоо ямар байх вэ гэдэг суурь асуудал гарч байна. Ийм асуудлын шийдлийг хамтдаа эрэлхийлэх шаардлагатай гэж тэрбээр хэлсэн байна.
Хиймэл оюун аль хэдийн бие даан шийдвэр гаргах чадвартай болсон ч хүн тооцоо, логикоос гадна зөн совин, мэдрэмж, хэвшмэл бус сэтгэлгээгээр шийдвэр гаргадаг. Энэ нь цэргийн салбарт хурцаар тавигдаж байна. Хиймэл оюун байлдааны арга тактикийг сайжруулж байгаа ч сүйрэл, хохирлыг ихэсгэх эрсдэлтэй тул мөргөлдөөний хамгийн харгис хэлбэрийг хязгаарлаж, дайн тулааны дүрэм журмыг дахин авч үзэх нь чухал гэжээ. Хориг болон цэргийн сөргөлдөөнд хурцадмал байдал нэмэгдэх нь нэг талын үйлдлээр хязгаарлагддаггүй, хариу алхам нь дэлхий дахиныг сүйрэлд хүргэж болзошгүй мөчлөг үүсгэдэг гэж онцолсон байна.
Цөмийн зэвсгийн талаар “Буу хананд өлгөөтэй байгаа л бол эцэстээ заавал буудаж л таарна” гээд, ийм нөхцөлд хүрэхээс бүх талаар зайлсхийх шаардлагатайг хэлжээ. Зэвсэгт мөргөлдөөн гарсаар байгаа ч хамгийн их сүйрэл дагуулах эрсдэлийг бодит байдал болохоос сэргийлэх ёстой гэж үзсэн байна. ОХУ өөрийгөө “зэвсэг барин” хамгаалахаас өөр аргагүй болсон гээд, “Оросыг устгахыг стратегийн үзэл баримтлал болгож болохгүй” гэж анхааруулжээ.
Европ, хөрөнгө, Украин
Өмнө нь ноёрхож байсан гүрэн олон туйлт ертөнцийн бодит байдлыг хүлээн зөвшөөрч, улс орнуудын олонхтой хамтран ажиллаж сурахаас өөр аргагүй. Олон туйлт тогтолцоо бүрэлдэх нь зайлшгүй ч түүнд хүрэх зам тогтворгүй, эрсдэлтэй гэж Путин үзжээ.
Алсыг харсан бодлогогүй байдал, явцуу хэвшмэл хандлага ЗХУ-ын суурийг ганхуулж, задран унахад хүргэсэн гэж тэрбээр хэлсэн байна. 1990-ээд онд Оросын удирдлага барууныханд таалагдахыг хичээж байсан ч эргэн харахад барууны орнууд дэлхийн тогтолцоог өөрчлөн байгуулж, “аль болох том хэсгийг өөртөө авахыг” хүсэж байсан нь тодорхой болсон гэжээ. Германы улстөрч Эгон Барыг “буурь суурьтай, мэдлэгтэй хүн” хэмээн тодорхойлсон. Бар Зүүн, Төв Европт АНУ, ЗХУ-ыг оролцуулсан, өргөн эрх мэдэл бүхий Аюулгүй байдлын зөвлөл байгуулах санал дэвшүүлж байсан ч ЗХУ задран унасны дараа Европын хэмжээнд хамтын ажиллагааны замаар явахыг хүсээгүй хүчнүүд баруунд давамгайлсан. Орос туршиж, алдаж суралцах замаар явсан гэж Путин үзжээ.
Евразийн томоохон түншлэлийг ирээдүйтэй чиглэлийн нэг гэж нэрлээд, энэ орон зайг хэрхэн зохион байгуулахаас дэлхийн тавцан дахь олон зүйл шалтгаална. Цаашид хөгжихөд хамгийн чухал нь бат бөх энх тайван гэж хэлсэн байна.
Европын зарим улс Оростой харилцаагаа бие даан хөгжүүлэх боломжийг хааж буйг “дарангуйлал” хэмээн нэрлээд, энэ нь ЗХУ-ын үеийнхээс илүү хатуу байна гэж онцолжээ. Москва Европын холбоог задлахыг зориогүй, “Бид зөвхөн бүтээн байгуулж, хамтран ажиллахыг хүсэж байна” гэжээ. Шинэ “төмөр хөшиг”-ийг Орос бус, барууны орнууд босгохыг оролдож байгаа бөгөөд ийм бодлого эцэстээ бүтэлгүйтнэ гэсэн байна.
Европт царцаасан хөрөнгийн талаар хэлэхдээ, Европын хэд хэдэн томоохон компанийн хөрөнгийг түр хугацаанд удирдах механизм нь Европын холбооны нутаг дэвсгэрт Оросын аж ахуйн нэгжийн хөрөнгийг улсын мэдэлд шилжүүлбэл Москвад хариу арга хэмжээ авах боломж бүрдүүлж байна гэжээ. “Бид хэний ч хөрөнгийг булааж, хулгайлж, улсын мэдэлд шилжүүлээгүй” гээд, нөхцөл байдал таатай өрнөвөл удирдлагын хяналтыг Европын талд буцаан шилжүүлнэ гэж мэдэгдсэн байна.
Украины асуудлаар “Бид хэлэлцээг эхлүүлж, аль болох хурдан дуусгахад бэлэн байна. Гэхдээ мэдээж хэрэг, ОХУ болон манай ард түмэнд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлөөр” гэж хэлжээ. Газар нутгийг чөлөөлөх асуудалд юуны түрүүнд хүмүүс чухал. Барууны орнууд болон Украин Оросын талд хүлээн зөвшөөрөгдөх нөхцөлийг зөвшөөрвөл байлдааны ажиллагааг зогсоож, хоёр талын хохирлыг багасган, мөргөлдөөнийг зохицуулах тохиролцоонд хүрэх нь хамгийн зөв хувилбар гэж мэдэгдсэн байна.
