Уур амьсгалын өөрчлөлтийн тухай хуулийн төслийн талаарх олон нийтийн хэлэлцүүлэг өнөөдөр Төрийн ордонд боллоо.
Тус хуулийн төслийг өргөн мэдүүлж, боловсруулж буй УИХ-ын дарга Н.Учрал хэлэлцүүлэгт илтгэл хүргүүлсэн байна.
Уг илтгэлд “Уур амьсгалын өөрчлөлт нь зөвхөн байгаль орчны асуудал биш болж, улс орны эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийн амьжиргаа, үндэсний аюулгүй байдалтай шууд холбогдох стратегийн түвшний сорилт болоод байна. Энэхүү хууль нь уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, ногоон хөгжлийг дэмжих эрх зүйн суурийг бүрдүүлж буйгаараа онцлогтой. Монгол Улс жил бүр эрчим хүч, шатахууны импортод 2.4 тэрбум ам.доллар зарцуулж байгаа нь эдийн засгийн экосистемд том дарамт болж байна. Эрчим хүчний хэрэглээ жилд 6.0-8.0 хувиар өсөж байгаа энэ үед бид уламжлалт арга барилаас татгалзаж, илүү ухаалаг, ногоон шийдэлрүү шилжих цаг болжээ. Иймээс 2026 оны арванхоёрдугаар сарын 26-ны өдөр УИХ-аас “Эрчим хүчний болон газрын тосны бүтээгдэхүүний хараат байдлыг бууруулах тухай” тогтоолыг баталж, Засгийн газарт чиглэл өгсөн. Бид ногоон шилжилтийг зөвхөн цаасан дээр биш, бодит ажил болгон хэрэгжүүлж эхлээд байна. Тухайлбал, Өрхийн түвшинд нарны хавтан суурилуулахад шаардагдах 9-15 шат дамжлагыг гурав болгон цөөлж, хүлээлгийн хугацааг 6-12 сар байсныг ажлын 11 өдөр болгон эрс бууруулсан. Чингэлтэй дүүргийн 83 айл өрх төвийн шугамд эрчим хүч нийлүүлэх гэрээгээ үзэглэж, “яндангүй” бүс үүсгэх эхлэлийг тавилаа. “100 МВт нартай аймаг, сум” санаачилгын хүрээнд зургаан аймгийн төвд нарны станц, батарей хуримтлуурын систем байршуулах хамтын ажиллагааг эхлүүлээд байна. Энэ нь эрчим хүчний суурилагдсан хүчин чадлыг 120 мегаваттаар нэмэгдүүлж, тасалдалгүй хангамжийг бүрдүүлэх юм” гэжээ.
Харин УИХ-ын гишүүн, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд Б.Батбаатар “Хуулийн төслийг баталснаар хувийн хэвшил иргэд ард түмэнд маш том шинэ боломжуудыг нээж буйг дуулгахдаа таатай байна. Тодруулбал, хуулийн төсөл батлагдсанаар аж ахуйн нэгжүүд хүлэмжийн хийн ялгарлыг бууруулсан үр дүнгээ карбон кредит болгон баталгаажуулж сайн дурын болон олон улсын зохицуулалттай зах зээлд арилжих эрх зүйн орчин бүрдэнэ. Ингэснээр хувийн хэвшил зөвхөн зохицуулалтын субъект биш харин уур амьсгалын шийдлийн идэвхтэй оролцогч цаашлаад шинэ орлогын эх үүсвэр бүрдүүлэгч болно” хэмээн ярилаа.
Энэхүү хуулийн төсөл нь зөвхөн эрсдэл бууруулах зорилготой биш харин Монгол Улсыг олон улсын карбон зах зээлд оролцогч улс болгох, уур амьсгалын өөрчлөлтийг эдийн засгийн боломж болгон хуваарилах стратегийн ач холбогдолтой гэдгийг салбарын сайд онцлон тэмдэглэв. Дараа нь НҮБ-ын Хөгжлийн xөтөлбөрийн Монгол Улсад нүүрстөрөгчийн зах зээлийн бэлэн байдлыг бэхжүүлэх нь төслийн зохицуулагч Х.Булгантамир “Нүүрстөрөгчийн зах зээл: боломж, тулгамдаж буй асуудлууд” сэдвээр илтгэл тавьсан байна.


