Усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээн Парист эхэлж байна

ПАРИС, 2026 оны долоодугаар сарын 31 /TASS/. Францын нийслэл Парис хотноо Усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээн баасан гарагт буюу өнөөдөр эхэлж байна.

Тэмцээний хөтөлбөрт заалны бассейны сэлэлт, усанд үсрэлт, уран сайхны сэлэлт, задгай усан дахь сэлэлт болон хай-дайвинг (өндөр тавцангаас усанд үсрэх) төрлүүд багтсан бөгөөд тамирчид нийт 80 багц медалийн төлөө өрсөлдөнө.

Аварга шалгаруулах тэмцээний эхний медалийн эзэд усанд үсрэлтийн төрөлд тодрох бөгөөд энэ төрлийн тэмцээн долоодугаар сарын 31-нээс наймдугаар сарын 6-ны хооронд явагдана. Өнөөдөр холимог багийн тэмцээн болох ба шигшээ уралдаан Улаанбаатарын цагаар 19:30 цагт эхэлнэ. Уран сайхны сэлэлтийн тэмцээн мөн долоодугаар сарын 31-нд эхэлж, наймдугаар сарын 5-нд дуусах юм.

Задгай усан дахь сэлэлтийн тэмцээн наймдугаар сарын 4-8-ны өдрүүдэд, хай-дайвингийн тэмцээн наймдугаар сарын 7-8-ны хооронд үргэлжилнэ. Европын аварга шалгаруулах тэмцээн усанд сэлэлтийн төрлүүд явагдсанаар дуусна. 

Оросын тамирчид сүүлийн таван жилд анх удаа Европын аварга шалгаруулах тэмцээнд оролцоно. 2021 онд Будапештэд болсон тэмцээнд оросууд 20 алт, 9 мөнгө, 13 хүрэл медаль хүртэж, багийн дүнгээр тэргүүлж байсан юм. Энэ удаад Оросын тамирчид төвийг сахигч статустайгаар оролцоно.

Усан спортын Европын аварга шалгаруулах тэмцээн наймдугаар сарын 16-ны өдөр дуусна.

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн