УИХ-ын гишүүн А.Ариунзаяа есдүгээр сарын 24-нд “Нээлттэй парламент” танхимд ажиллаж, 53 иргэнтэй биечлэн уулзжээ. Иргэд тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, халамж, хүүхэд болон ахмадын асаргаа, төрийн байгууллагын шийдвэртэй холбоотой асуудлаа танилцуулсан байна.

Уулзалтаар 1980–2000 онд ажилласан хугацаагаа бүрэн тооцуулж чадахгүй байгаа иргэдийн тэтгэвэр тогтоолгоход тулгардаг хүндрэл, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд болон өндөр настныг асарч буй хүмүүсийн нийгмийн хамгаалал, хөдөлмөр эрхлэлтийн асуудлыг хөнджээ.

Үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл уурхайчдын эрүүл мэнд, хөдөлмөрлөх эрх болон тэтгэвэр тогтоолттой холбоотой маргааны талаар мэдээлсэн байна. Мөн “Монголын ураг, удам, уламжлалын холбоо” угийн бичиг хөтлөх эрх зүйн орчныг боловсронгуй болгох санал гаргажээ.

А.Ариунзаяа иргэдийн хүсэлтийг холбогдох байгууллагад уламжилж, шийдвэрлүүлэхэд анхаарна гэдгээ хэлсэн бөгөөд зарим асуудлаар зөвлөгөө, тайлбар өгчээ. Тэтгэвэр тогтоолтын асуудлаар хандсан иргэдийг Нийгмийн даатгалын байгууллагатай холбон зуучилж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд түрээслээд өмчлөх орон сууцны бүртгэлийн талаар мэдээлэл өгсөн байна.

Тэрбээр өмнө нь 2026 оны долоодугаар сарын 22-нд тус танхимд ажиллаж байжээ. “Нээлттэй парламент” танхим нь иргэд УИХ-ын гишүүдтэй урьдчилан зөвшөөрөлгүй уулзаж, санал хүсэлтээ хүргүүлэх боломж бүрдүүлэх зорилгоор зургадугаар сарын 30-наас ажиллаж эхэлсэн гэж УИХ-ын Нээлттэй парламентын газраас мэдээлэв.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх