“Төв Азийн бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагаа” (CAREC)-ын Тээврийн салбарын зохицуулах хорооны 23 дахь удаагийн олон улсын уулзалт Туушин зочид буудалд болж байна.
Уулзалтыг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ, “CAREC хөтөлбөр нь өнгөрсөн 25 жилд бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн холболтыг сайжруулах, худалдааг хөнгөвчлөх, дэд бүтцийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувь нэмэр оруулсан үр дүнтэй хамтын ажиллагааны платформ болсон. Дэлхийн худалдаа, нийлүүлэлтийн сүлжээ, тээврийн урсгал шинэчлэгдэж буй өнөө үед Төв Азийн бүс нутаг стратегийн шинэ ач холбогдолтой болж байна. Геополитикийн өөрчлөлт, нийлүүлэлтийн сүлжээний тасалдал, тээврийн урсгалын төрөл нь улс орнуудыг илүү найдвартай, тогтвортой, олон тулгуурт тээврийн сүлжээ байгуулах шаардлагыг бий болгож байна. Далайд гарцгүй манай улсын хувьд CAREC-ийн коридорууд нь гадаад худалдаа, тээврийн гол гарц, эдийн засгийн амин судас учир Монгол Улсын Засгийн газар Ази, Европыг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Монгол Улс” болох зорилт хэрэгжүүлж байгаа”-г тодотгосныг ЗТЯ мэдээллээ.

Хоёр өдөр үргэлжлэх хурлаар “CAREC Тээврийн стратеги 2030”-ийн дунд хугацааны үнэлгээ, энэ онд хэрэгжүүлэх ажил, бүс нутгийн тээврийн загвар, нийлүүлэлтийн сүлжээний шинжилгээ, тээвэр логистикийн төвийн үйл ажиллагааны асуудлыг хэлэлцэнэ. Мөн хил дамнасан тээвэр, иргэний нисэх, авто болон төмөр зам, усан тээвэр, ложистик, замын аюулгүй байдал, ухаалаг хөдөлгөөн, дижитал шилжилт зэрэг чиглэлээр салбар хуралдаан болж байна. Уулзалтын үеэр Монгол Улсаас “Бүс нутгийн хэмжээнд олон улсын авто тээврийн даатгалын нэгдсэн тогтолцоог бий болгох нь”, “Монгол дахь замын аюулгүй байдал ба замын хөрөнгийн менежмент” илтгэл тавьж, бүс нутгийн хамтын ажиллагаа, тээврийн бодлогын шинэчлэл, тогтвортой хөгжлийн талаар санал солилцож, CAREC-ийн гишүүн орнуудын тээврийн тэргүүлэх хөтөлбөрийг бүсчилсэн байдлаар хэрэгжүүлэх болон цаашдын хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломжийг хэлэлцэж байна.
Манай улс одоогоор 25 оронтой олон улсын авто тээврийн харилцааг шууд хэрэгжүүлэх эрх зүйн боломж бүрдүүлснээс гадна “Транзит Монгол” зорилтын хүрээнд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридорын хамтын ажиллагааг эрчимжүүлэх, Төв Азийн бүс нутгийн хуурай замын тээврийн зангилаа төв болох бодлого баримталж байгаа. Мөн монголын тээвэрчид 2016 онд нийт TIR тээвэрлэлтийн ердөө нэг хувийг гүйцэтгэж байсан бол 2025 онд энэ үзүүлэлт 47 хувьд хүрч, тээвэрлэлтийн тоо 56-аас 4711 болж нэмэгджээ. Төмөр замын салбарт гэхэд экспорт, транзит тээврийн шинэ гарц бий болгохоор Зүүнбаян-Ханги, баруун, зүүн тэнхлэгийн төмөр замын төслийг үе шаттай хэрэгжүүлж, Замын-Үүд, Алтанбулаг зэрэг стратегийн боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэх, тээвэр ложистикийн үйл ажиллагааг хөнгөвчлөхөд ч анхаарч байна. Агаарын тээврийн салбарыг либералчлах бодлого барьж, АНУ, Европын холбооны орнууд руу шууд нислэг үйлдэх бэлтгэл хангахаас гадна Ховд, Өмнөговь, Хөвсгөл, Баян-Өлгий аймгийн нисэх буудлыг олон улсын шууд нислэг хүлээн авах боломжтой болгож байгаа билээ.

Монгол Улс бүс нутгийн тээврийн эрсдэлийг багасгах, хил дамнасан тээврийн найдвартай байдлыг хангах зорилгоор “Ази, Номхон далайн бүс нутгийн хэмжээнд олон улсын тээврийн даатгалын нэгдсэн системийг бүрдүүлэх” санаачилгыг дэвшүүлж, НҮБ-д саналаа албан ёсоор хүргүүлээд байгааг сайд Б.Дэлгэрсайхан мэдээлэв.
CAREC хөтөлбөрийн 25 жилийн ой энэ онд тохиож байгаа бөгөөд Монгол Улс CAREC хөтөлбөрийн 2026 оны зохион байгуулагч орны хувьд тус хурлыг эх орондоо зохион байгуулж байгаа юм. Тус уулзалтад СAREC-ийн гишүүн 11 улсын төлөөлөгч, Азийн хөгжлийн банк (АХБ), олон улсын санхүүгийн байгууллага, хөгжлийн түншүүд, тээвэр, ложистикийн салбарын төлөөлөл оролцож байна.
