Аж үйлдвэр, эрдэс баялгийн яам, Ашигт малтмал, газрын тосны газар, Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциаци хамтран тав дахь жилдээ зохион байгуулж буй “Уул уурхайн 7 хоног & МайнПро 2026” олон улсын уул уурхайн үзэсгэлэн, чуулга уулзалт “Тогтвортой хөгжлийн төлөө: Ногоон ирээдүй, глобал түншлэл” уриан дор Налайх дүүргийн Тайж Хайрханы бэлд өчигдөр эхэллээ.
Уул уурхайн салбарын бодлого, хөрөнгө оруулалт, хайгуул, боловсруулалт, технологийн шинэчлэл, ногоон шилжилт, олон улсын хамтын ажиллагааны асуудлыг хэлэлцэх чуулга уулзалт, үзэсгэлэнгийн нээлтэд Ерөнхий сайд Н.Учрал, Аж үйлдвэр, эрдэс баялгийн сайд Г.Дамдинням тэргүүтэй албаныхан оролцлоо. Ерөнхий сайд Н.Учрал нээлтийн үеэр хууль, эрх зүйн шинэчлэлийн хүрээнд хэрэгжүүлсэн ажлуудаа танилцуулж, уул уурхай, байгаль орчны салбарын уялдаа холбоог ханган, орон нутаг болон иргэдэд бодит үр өгөөж хүртээх нь чухал гэдгийг онцоллоо. Тэрбээр нээлтийн дараа “Mining Week & MinePro 2026”-д оролцож буй аж ахуйн нэгж, уул уурхайн компаниудын төлөөлөлтэй уулзаж, тэдний үйл ажиллагаа, техник, технологийн шинэ шийдэл, бүтээгдэхүүн, үйлдвэрлэлийн хүчин чадалтай танилцсан байна.
Харин Г.Дамдинням сайд уул уурхай, эрдэс баялгийн салбарт тулгамдаж буй асуудал, хууль эрх зүйн шинэчлэл, цаашид хэрэгжүүлэх бодлогын чиглэлүүдийг танилцуулжээ. Тэрбээр уул уурхайн салбарын талаарх мэдээллийн хүртээмж, ил тод байдлыг нэмэгдүүлэх шаардлагатайг онцолж, мэдээллийн дутмаг байдал нь иргэдийн эсэргүүцэл, улмаар хайгуулын салбарын идэвхжил буурахад нөлөөлж буйг тэмдэглэв. Мөн 13 жил ярьсан Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудал УИХ-аар батлах шатанд хүрснийг дуулгаж, уг өөрчлөлтөөр хайгуулын салбарын хөрөнгө оруулалт, үйл ажиллагааны орчныг сайжруулах боломж бүрдэхийг дурдлаа. Монгол Улс анх удаа чухал ашигт малтмалын жагсаалтаа гаргасан бөгөөд цаашид эрдэс баялгийг зөвхөн олборлон экспортлохоос илүүтэй дотооддоо боловсруулж, нэмүү өртөг шингэсэн үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого баримтална гэдгийг сайд илэрхийлсэн байна. Мөн Зэсийн салбарын өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх хүрээнд хоёр оронтой тоонд хүрсэн АМНАТ-ийг бууруулах бодлогын өөрчлөлт хийхээр ажиллаж байгааг мөн мэдээллээ. Түүнчлэн хөрөнгө оруулагчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалж, хөрөнгө оруулалтын орчныг тогтвортой, ойлгомжтой болгоход анхаарна гэдгийг онцлов.
Тэгвэл Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн зөвлөлийн дарга З.Ган-Очир Монгол Улсын эрдэс баялгийн салбарын өрсөлдөх чадварын талаар танилцуулж, геологийн нөөц, боломж өндөр боловч бодлогын орчин, засаглал, дэд бүтэц, орон нутгийн харилцаатай холбоотой асуудлууд хөрөнгө оруулалтад нөлөөлж байгааг хэллээ.
Газрын тосны салбарын эрх зүйн орчныг шинэчлэх хүрээнд Газрын тосны тухай хуулийн төслийг УИХ-д нэн яаралтай өргөн мэдүүлэхээр ажиллаж байгааг мэдээллээ. Мөн энэ үеэр Геологи, уул уурхай, эрдэс баялгийн мэргэжлийн нэгдсэн холбоо, АҮЭБЯ, БОУӨЯ, СХЗГ -ууд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулжээ. Үзэсгэлэнд уул уурхайн олборлолт, боловсруулалт, техник тоног төхөөрөмж, ханган нийлүүлэлт, дижитал технологи, автоматжуулалт, байгаль орчны шийдэл зэрэг чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүд оролцож байгаа юм. Энэ нь салбарын төрийн бодлого, хууль эрх зүйн шинэчлэлийг аж ахуйн нэгжүүдийн бодит үйл ажиллагаа, технологийн хөгжилтэй уялдуулах, цаашдын хамтын ажиллагааны боломжийг тодорхойлох ач холбогдолтой.
Монгол Улсын эдийн засаг 2025 онд 6.8 хувиар өсөхөд уул уурхайн үйлдвэрлэл чухал хувь нэмэр оруулсан бөгөөд тус салбар аж үйлдвэрийн нийт үйлдвэрлэлийн 80 орчим хувь, гадаадын шууд хөрөнгө оруулалтын 70 гаруй хувийг бүрдүүлж байна. Гурван өдрийн турш үргэлжлэх үйл ажиллагааны хүрээнд үндсэн хуралдаануудаас гадна 16 салбар хуралдаан, хэлэлцүүлэг, дугуй ширээний уулзалт зохион байгуулж, дэлхийн ногоон шилжилт дэх Монгол Улсын байр суурь, эрдэс баялгийн хөрөнгө оруулалт, уул уурхай болон эрчим хүчний уялдаа, нүүрсний салбарын ирээдүй, хариуцлагатай уул уурхай, хүний нөөц, технологийн шинэчлэл, олон улсын хамтын ажиллагаа зэрэг өргөн хүрээний асуудлыг хэлэлцэнэ.
Энэ жил үзэсгэлэнд Монгол, Хятад, ОХУ, БНСУ, Япон, Австрали, Канад, Их Британи, Герман, Швед, АНУ зэрэг 20 орны 3500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирж, 135 гаруй байгууллага бүтээгдэхүүн, үйлчилгээ, техник технологийн шийдлээ танилцуулж байна. Үзэсгэлэн нийт 17200 м² талбайг хамарч, дотор болон гадна 350 гаруй үзэсгэлэнгийн асар ажиллаж байгаа бөгөөд гадна талбайд л гэхэд уул уурхайн зориулалттай хүнд машин, механизм, тоног төхөөрөмжүүд дэлгэжээ. “MinePro” үзэсгэлэнгийн онцлог нь зөвхөн үзэсгэлэн үзэхээс илүү өргөн хүрээг хамарч, уул уурхайн компаниуд, тусгай зөвшөөрөл эзэмшигчид, ханган нийлүүлэгч, туслан гүйцэтгэгчид, технологийн компаниуд, хөрөнгө оруулагчид, санхүүгийн болон мэргэжлийн байгууллагууд нэг дор цуглаж, шинэ бүтээгдэхүүн, технологитой танилцахын зэрэгцээ бизнесийн харилцаа тогтоож, хамтын ажиллагааны боломжуудаа хэлэлцэж байна.
Төр, хувийн хэвшил, хөрөнгө оруулагчид, дипломат төлөөлөгчийн газар, олон улсын байгууллага, уул уурхайн компани, ханган нийлүүлэгч болон салбарын мэргэжилтнүүдийг нэг дор холбож буй “Miningweek & Minepro2026” үзэсгэлэн, чуулга уулзалт маргааш өндөрлөнө.
