Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

Улаанбаатар //. Монгол Улсаас хууль бусаар хил дамнасан палеонтологийн ховор олдворууд болох 50 гаруй хувийн бүрдэлтэй, харьцангуй бүрэн бүтэн “Тарбозавр батаар”-ын араг яс болон 28 багц үлэг гүрвэлийн чулуужсан олдворыг Бүгд Найрамдах Франц Улсаас эргүүлэн авчирлаа.

Энэхүү үйл явц нь 13 жилийн турш үргэлжилсэн бөгөөд Монгол Улсын холбогдох байгууллагуудын хүчин чармайлт төдийгүй Бүгд Найрамдах Франц Улсын Засгийн газрын дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд шүүхийн маргааныг эцэслэн шийдвэрлэж, олдворуудыг эх орондоо өнөөдөр бүрэн хүлээн авч байна.

Олдворуудыг хүлээн авах үйл ажиллагаанд ССАЖЗЯ, Байгалийн шинжлэх ухааны үндэсний музей, Эрүүгийн цагдаагийн албаны Зохион байгууллаттай гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн Соёлын өвийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон Гаалийн ерөнхий газрын төлөөлөл, МИАТ, “Туушин” компани оролцов.

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлааАжлын хэсгийн ахлагч, Соёл, спорт аялал жуулчлал, залуучуудын яамны Соёлын өвийн хэлтсийн дарга Б.Даваацэрэн, ”Палеонтологийн олдворуудыг хууль бусаар хил давуулан гаргаж, худалдаалсан асуудал нь соёлын өвийн хамгаалалттай шууд холбоотой. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжийн дагуу палеонтологийн олдворууд нь соёлын өвд хамаардаг. Тэдгээрийг хууль бусаар улсын хилээр гаргасан үйлдлийг хууль зөрчсөн гэж үзэн, зохих арга хэмжээг авч ажилласан. Энэ хүрээнд эх орондоо буцан ирж буй олдворуудыг өнөөдөр хүлээн авч байна. Монгол Улс 1970 оны ЮНЕСКО-гийн “Соёлын үнэт зүйлийг хууль бусаар экспортлох, импортлох, өмчлөх эрхийг шилжүүлэхийг хориглох, урьдчилан сэргийлэх тухай” конвенцод нэгдэн орсон. Уг конвенцын үзэл санааны хүрээнд олон улсын байгууллагуудтай нягт хамтран ажиллаж ирсэн. Мөн үндэсний хэмжээнд холбогдох байгууллагуудын идэвхтэй хамтын ажиллагааны үр дүнд эдгээр олдворыг эх оронд нь буцаан авчрах боломж бүрдсэн. Буцаан авчирсан олдворууд нийт 15 хайрцагт савлагдсан. Тэдгээрийн тоо хэмжээ, хадгалалтын байдал, шинжлэх ухааны үнэ цэнийг нарийвчлан тогтоох судалгааны ажил цаашид үргэлжилнэ” гэв.

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлааБайгалийн шинжлэх ухааны үндэсний музейн захирлын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Н.Манчук, “Эдгээр олдворыг эх оронд нь буцаан авчирч байгаа нь зөвхөн соёлын өвөө хамгаалж буй хэрэг биш юм. Мөн боловсрол, шинжлэх ухаан, аялал жуулчлалын салбарт чухал ач холбогдолтой үйл явдал болж байна. Палеонтологийн олдворууд нь хүүхэд, залуучуудын шинжлэх ухааны мэдлэгийг нэмэгдүүлэх, судалгааны ажлыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна. Ном, сурах бичгээс уншиж мэдэхээс гадна бодит олдворыг өөрийн нүдээр үзэж, судлах боломж бүрдэж байна. Түүнчлэн эдгээр олдворыг Монгол Улсад авчирснаар гадаад, дотоодын эрдэмтэн судлаачид хамтран судалгаа хийх боломж нэмэгдэнэ. Үүний зэрэгцээ аялал жуулчлалын салбарт эерэг нөлөө үзүүлж, монгол орны палеонтологийн өвийг сонирхсон жуулчдын тоог нэмэгдүүлэх боломжтой гэж үзэж байна” гэв.

Мөн ССАЖЗЯ-наас олдворуудыг олон нийтэд таниулан сурталчлах чиглэлээр ажиллахаар төлөвлөж байгаа аж. Цаашид хууль бусаар гадаад улсад гаргаж, худалдсан соёлын өвийн дурсгалуудыг эх оронд нь буцаан авчрах чиглэлээр идэвхтэй ажиллах юм. Ийм төрлийн асуудал нь нэг байгууллага, эсвэл нэг улсын хүчин чармайлтаар шийдэгддэггүй. Харин олон улсын болон үндэсний түвшний байгууллагуудын өргөн хүрээтэй хамтын ажиллагааны үр дүнд тухайн улсын өмчлөх эрх бүхий соёлын өвийг хууль ёсны дагуу эх оронд нь буцаан авчрах боломж бүрддэг байна.

Монгол Улс Байгалийн түүхийн үндэсний музейг байгуулж байгаа бөгөөд энэхүү музейд буцаан авчирсан олдворуудын тодорхой хэсгийг дэлгэн үзүүлэхээр төлөвлөжээ. Үүнээс өмнө иргэдэд соёлын өвийн хамгаалалт, хууль эрх зүйн зохицуулалтын талаар мэдээлэл түгээх зорилгоор тусгай үзэсгэлэн зохион байгуулах ажээ. 

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

Тарбозавр батаар болон үлэг гүрвэлийн олдворуудыг Франц Улсаас буцаан авчирлаа

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн