ТАЙБЭЙ, 2026 оны есдүгээр сарын 21 /Reuters/. Тайванийн Хөдөлмөрийн сайд Хун Сүн-хан Ази, Номхон далайн эдийн засгийн хамтын ажиллагааны (APEC) сайд нарын түвшний уулзалтад оролцохоор Хятад улсыг зорьсон нь Бээжингийн зүгээс Тайванийн засаг захиргаанд үзүүлэх цэрэг, улс төрийн дарамт улам нэмэгдэж буй үед Лай Чинтэгийн засаг захиргаанаас сайдын түвшинд хийж буй анхны айлчлал болж байна.
APEC нь Хятад улс өөрийн газар нутгаа гэж үздэг Тайвань гишүүнээр элссэн олон улсын цөөн хэдэн байгууллагын нэг бөгөөд энэ жил Хятад улс тус байгууллагыг даргалж байгаа ба 11 дүгээр сард Шэньжэнь хотод удирдагчдын дээд хэмжээний уулзалт зохион байгуулна.
Хятад улс Лай Чинтэг “салан тусгаарлах үзэлтэн” гэж үздгээ илэрхийлээд түүний яриа хэлэлцээ хийх гэсэн олон удаагийн саналаас татгалзсаар ирсэн бөгөөд тус улсын зэвсэгт хүчин Тайванийн эргэн тойронд цэргийн үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Харин Лай Чинтэ Тайванийн ирээдүйг зөвхөн Тайванийн ард түмэн шийдэх ёстой гэж мэдэгддэг.
Хун Сүн-хан Хятадын зүүн нутгийн Нанжин хотод болох APEC-ийн хүний нөөцийн асуудлаарх сайд нарын уулзалтад оролцохоор Хятад руу мордсоныг Тайванийн Хөдөлмөрийн яам баталжээ. Тус яам өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй бөгөөд Хун Сүн-хан нисэх буудалд сэтгүүлчдэд ямар нэгэн мэдэгдэл хийлгээгүй байна.
Хятадын Төрийн зөвлөлийн Тайванийн асуудал эрхэлсэн газраас гаргасан мэдэгдэлд, APEC дахь Тайванийн оролцоог APEC-ийн холбогдох дүрэм журам болон Бээжин тус арлыг өөрийн газар нутаг гэж үздэг “Нэг Хятад зарчим”-ын хүрээнд зохицуулдаг гэдгийг дурдаад, өөр дэлгэрэнгүй мэдээлэл өгөөгүй байна.
Хун Сүн-хан нь ерөнхийлөгч Лайгийн удирдаж буй эрх баригч Ардчилсан дэвшилтэт намаас хууль тогтоох байгууллагад сонгогдож байсан бөгөөд Хонконг, Төвөдийн хүний эрхийн асуудлаар дуу хоолойгоо хүчтэй өргөдөг нэгэн юм.
Улс төрийн асуудлаас зайлсхийхийн тулд Тайванийн засаг захиргааны тэргүүн APEC-ийн дээд хэмжээний уулзалтад биечлэн оролцдоггүй бөгөөд оронд нь хуучин түшмэлүүд эсвэл хагас дамжуулагч үйлдвэрлэгч аварга компани болох “TSMC”-ийг үүсгэн байгуулагч Моррис Чан зэрэг бизнес эрхлэгчдийн төлөөллийг илгээдэг.
Тайванийн засаг захиргаанаас Шэньжэнь хотод болох дээд хэмжээний уулзалтад хэн оролцохыг одоогоор зарлаагүй байна.
