Нийслэлийн ЕБС-ийн сурагчид гэр, сургуулийн хооронд ирэх, буцах замдаа гарцгүй хэсгээр зам хөндлөн гарах, авто машины хөдөлгөөн ихтэй бүсээр зорчих, үе тэнгийн дээрэлхэлтэд өртөх, гэрэлтүүлэг, камержуулалт хангалтгүй хэсгээр явах зэрэг эрсдэлтэй нөхцөлтэй тулгардаг.
Иймд сурагчдын аюулгүй зорчих орчныг бүрдүүлэхэд төрийн байгууллага, сургууль, эцэг эх, асран хамгаалагч, иргэдийн хамтын ажиллагаанд суурилсан цогц ажил хийх шаардлагатай байгаа юм. Тэгвэл НЗДТГ-аас “Сургууль хүрэх зам” аяныг зохион байгуулахаар болжээ. Энэ нь сурагчдын гэрээс сургууль хүртэлх аюулгүй зорчих орчныг бүрдүүлж, зам тээврийн осол, гэмтлийн эрсдэлийг бууруулан, замын хөдөлгөөний аюулгүй байдлын талаарх мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой аж. Энэхүү аяныг хэрэгжүүлэхдээ олон улсын сайн туршлагуудыг нэвтрүүлэх юм байна.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Б.Пүрэвдагва “Эхний ээлжид алхахад тухтай явган зам, сайн зохицуулалттай гэрлэн дохио, стандартад нийцсэн хурд сааруулагчтай байх шаардлага тавьж байна. Мөн сургуулийн орчинд хурд хэтрүүлсэн, аваар осол гаргасан жолооч нарт тооцох хариуцлагыг сайжруулна” гэжээ.
Нийслэлд 2026-2027 оны хичээлийн жилд 131 төсөл хэрэгжиж байна. Энэ жил 52 төсөлд улсын комисс ажиллуулж, байнгын ажиллагаанд авахаар төлөвлөснөөс өнөөдрийн байдлаар 12 барилга байгууламжийг бүрэн ашиглалтад хүлээн авчээ. Түүнчлэн “Гэрт ойрхон сургууль” хөтөлбөрийн хүрээнд нийслэлийн 41 хороонд түрээслэх боломжтой байрны санал ирснээс 17-г нь ашиглах боломжтой гэж үзжээ.