СОР17 бага хурлын хүрээнд UNCCD болон UNFCCC-ийн уялдаа холбоог хангахад иргэний нийгмийн байгууллагуудын гүйцэтгэх үүрэг: Монгол Улс болон олон улсын туршлага сэдэвт хэлэлцүүлэг өнөөдөр боллоо.
Тус хэлэлцүүлэгт Монгол Улсын болон олон улсын иргэний нийгмийн байгууллагуудын төлөөллүүд болон малчид, уугуул иргэд оролцож, газар болон уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааны уялдаа холбоо, иргэний нийгмийн байгууллагуудын оролцоо зэрэг сэдвээр санал солилцсон бөгөөд БОУАӨ-ийн дэд сайд Б.Мөнхтамир оролцож, байр сууриа илэрхийлэв.
Дэд сайд Б.Мөнхтамир хэлсэн үгэндээ “Бид Парисын хэлэлцээр, НҮБ-ын Цөлжилттэй тэмцэх тухай НҮБ-ын конвенц (UNCCD) болон Биологийн олон янз байдлын тухай конвенцын хүрээнд тодорхой үүрэг, амлалтууд хүлээсэн. Гэвч эдгээр амлалт нь өөр өөр үйл явц, өөр өөр үзүүлэлтүүдийн хүрээнд боловсруулагддаг. Эдгээр амлалт нь үндэсний бодлого, хөтөлбөрүүдэд тусгагдсан бөгөөд бид тэдгээрийг уялдаа холбоотой, нэгдсэн байдлаар хэрэгжүүлэхийн төлөө ажиллаж байна. Хэлэлцүүлгээс харахад газар болон уур амьсгалын чиглэлийн уялдаа холбоо нь түншлэлээр дамжин бий болдог нь харагдаж байна. Иргэний нийгмийн байгууллагууд орон нутгийн мэдлэг, туршлага, үзэл бодлыг илэрхийлэл болдог. Харин Засгийн газар бодлого болон зохицуулалтаар хангах боломжтой. Монгол Улсын Засгийн газраас танилцуулж буй “Тал хээрийн төлөвлөгөө” нь олон талын оролцогчдыг нэгтгэх талбар юм.
Мөн бид институцийн болон эрх зүйн зохицуулалтын саад бэрхшээлүүдийг шийдвэрлэхэд анхаарч байна. Энэ хүрээнд Монгол Улсын “Unlock” буюу “Чөлөөлье” үндэсний хөдөлгөөн чухал ач холбогдолтой юм . Энэ нь төрийн бүх байгууллагын оролцоотой хэрэгжих цогц шинэчлэлийн хөтөлбөр бөгөөд “Ногоон шилжилтийг чөлөөлөх” болон “Сайн засаглалыг чөлөөлөх” чиглэлүүдийг багтааж байгаагаараа онцлог юм. Бид тус тусдаа хэрэгжүүлж буй бодлогын амлалтуудаас илүү нэгдсэн хэрэгжилт рүү шилжиж, төрийн байгууллагуудын хоорондын уялдаа холбоог бэхжүүлэхээр ажиллаж байна. Тиймээс энэхүү түншлэлийг хэрэгжүүлэхэд Нэгдүгээрт, итгэлцэл ба нээлттэй байдал. Иргэний нийгмийн байгууллагууд шүүмжлэлтэй санал, зөвлөмжөө чөлөөтэй илэрхийлэх боломжтой байх ёстой. Хоёрдугаарт, харилцан нөхөх чадвар. Засгийн газар юу хийж чадах, иргэний нийгэм юу хийж чадах, мөн бид ямар чиглэлд хамтран ажиллах боломжтойг тодорхой ойлголцох хэрэгтэй. Гуравдугаарт, тасралтгүй байдал. Түншлэл зөвхөн COP17-оор эхэлж, дуусах бус, хэрэгжилтийн үе шатанд ч үргэлжилдэг байх ёстой” гэдгийг онцоллоо.