Эрүүл мэндийн тогтолцоог сайжруулах, эрүүл мэндийн тусламж үйлчилгээг иргэдийн эрэлт хэрэгцээнд нийцсэн тэгш хүртээмжтэй, чанартай үзүүлэх зорилгоор дүүргийн төсвийн хөрөнгөөр Сонгинохайрхан нэгдсэн эмнэлэгт ангиографийн аппаратыг суурилууллаа.
Германы Siemens healthineers үйлдвэрлэгчийн Artis Zee Biplane загварын энэхүү аппарат нь судас дотуурх оношилгоо эмчилгээний зориулалттай орчин үеийн өндөр хүчин чадалтай аж. Титэм судасны оношилгоо эмчилгээ, цээж болон хэвлийн хөндийн судас дотуурх оношилгоо эмчилгээг авахын тулд иргэд улсын хоёр, гуравдугаар шатлалын эмнэлгийг зорих шаардлагагүй дүүргийн эмнэлгээсээ цаг алдалгүй тусламж үйлчилгээг авах боломж бүрдэж байна.
Энэхүү аппарат ашиглалтад орсноор:
Титэм судасны нарийслыг баллоноор тэлэх
Стент тавих
Хөл, гарын захын судасны бөглөрөл, нарийслыг эмчлэх
Тархины судасны эмгэгт судас дотуурх эмчилгээ хийх
Хавдрын тэжээгч судсанд эмчилгээ хийх
Зарим судасны гаж хөгжил, аневризмыг судас дотуурх аргаар эмчлэх
Дүрсийн хяналттай биопси болон бусад ажилбар хийнэ.
Ангиографийн технологийн гол давуу тал нь судасны эмгэгийг өндөр нарийвчлалтай оношлохоос гадна шаардлагатай тохиолдолд дүрсийн хяналт дор эмчилгээний ажилбарыг нэг дор хийх боломжтой. Дүүргийн түвшинд ангиографийн технологи нэвтэрснээр үйлчлүүлэгчид гуравдугаар шатлал руу явж цаг хугацаа алдалгүй, ойрын цэгээс тусламж, үйлчилгээ авах боломж бүрджээ. Дүүргийн иргэдээс гадна харьяалал харгалзахгүйгээр тусламж, үйлчилгээ үзүүлнэ. Тус эмнэлэг ангиогарфийн аппаратыг суурилуулснаас хойш долоо хоногийн хугацаанд таван хүнд тусламж, үйлчилгээ үзүүлсэн байна.
