2026-10-29

Тус арга хэмжээнд төр, хувийн хэвшил, бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

Монголын Бизнесийн Зөвлөл (МБЗ) Монголбанк болон “Монголын хөрөнгийн бирж” ХК хамтран “Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв” сэдэвт арга хэмжээг өнөөдөр (2026.10.29) зохион байгууллаа.

“Монголын хөрөнгийн бирж” ХК -ийн ГЗҮТОГ Б.Анар үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ:           

“Өнөөдрийн уулзалт нь төр засгийн хэмжээнд 2027 оны төсөв, мөнгөний бодлого, бизнесийн санхүүжилт, хөрөнгө оруулалтын орчныг тодорхойлох чухал шийдвэрүүд хэлэлцэгдэж буй цаг үед болж байгаагаараа онцгой ач холбогдолтой гэж  үзэж байна.

2027 оны эдийн засаг, төсвийн орчны талаар товч дурдъя.

Өнөөдрийн байдлаар УИХ-аар хэлэлцэж буй 2027 оны төсвийн хүрээний шинэчилсэн үзүүлэлтээр Монгол Улсын эдийн засгийн бодит өсөлтийг 5.8 хувь, хэрэглээний үнийн өсөлтийг 8 орчим хувь байхаар тооцож байна.

Нэгдсэн төсвийн тэнцвэржүүлсэн орлогыг 41.28 их наяд төгрөг, нийт зарлагыг 43.59 их наяд төгрөг байхаар тооцож байгаа бөгөөд төсвийн тэнцвэржүүлсэн алдагдал ойролцоогоор 2.3 их наяд төгрөг, буюу ДНБ-ий 2 орчим хувьтай тэнцэхээр байна.

Мөн 2027 онд нийт 10 их наяд төгрөгийн хөрөнгө оруулалтын санхүүжилт хийхээр төлөвлөж байгаа нь эдийн засгийн идэвхжил, хувийн хэвшлийн захиалга, санхүүжилтийн эрэлтэд чухал нөлөө үзүүлнэ. Үүний 6.7 их наяд төгрөг нь үргэлжилж байгаа төслүүдэд, 3.3 их наяд төгрөг нь шинэ төсөл, арга хэмжээнд чиглэхээр байна.

Хөрөнгийн зах зээлийн хувьд бид хэд хэдэн бодлогын шийдвэрийг онцгой анхаарч харж байна.

Засгийн газрын дотоод үнэт цаасны гаргалтыг нэмэгдүүлж, дотоодын зах зээлээр дамжуулан санхүүжилт татах бодлого эрчимжиж байна.

Энэ нь зөв хэрэгжсэн тохиолдолд Монголын хөрөнгийн зах зээлд эрсдэлгүй өгөөжийн жишиг хүү буюу benchmark yield curve бүрдүүлэх, институциональ хөрөнгө оруулагчдын оролцоог нэмэгдүүлэх, компанийн бондын үнэ тогтоох суурийг бий болгох чухал ач холбогдолтой. Засгийн газрын зүгээс мөн орон нутгийн үнэт цаас, өрийн баталгааг дэд бүтэц, эрчим хүчний томоохон төслүүдийн санхүүжилтэд ашиглах чиглэл баримталж байна.

Төрийн өмчит компаниудын засаглалын реформ болон тэдгээрийг хөрөнгийн зах зээлд гаргах бэлтгэл эрчимжиж байна.

Төрийн өмчит компаниудыг олон улсын аргачлалаар үнэлэх, санхүүгийн сахилга бат, компанийн засаглалыг сайжруулах, улмаар Үндэсний хөрөнгө оруулалтын сан болон хөрөнгийн зах зээлээр дамжуулан хөрөнгө татах бодлого нь Монголын хөрөнгийн зах зээлийн нийлүүлэлтийн талд томоохон шинэ боломж бий болгоно” гэдгийг онцоллоо.

Түүнчлэн “Монголын хөрөнгийн зах зээл зөвхөн хувьцаа арилждаг зах зээл биш бизнес, төсөл, төр болон хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийг холбодог бодит санхүүгийн дэд бүтэц болон хөгжихөд зорьж байна.

Бид энэ өсөлтийг цаашид зөвхөн тоогоор бус, зах зээлийн чанар, хөрвөх чадвар, бүтээгдэхүүний төрөлжилт, гадаадын хөрөнгө оруулагчдын оролцоо гэсэн үзүүлэлтүүдээр хэмжих ёстой гэж үзэж байна.

Монголын хөрөнгийн бирж энэхүү холболтыг бий болгох, хувийн хэвшлийн урт хугацааны санхүүжилтийн боломжийг нэмэгдүүлэх, Монголын зах зээлийг олон улсын хөрөнгө оруулагчдад илүү нээлттэй, ойлгомжтой, хөрвөх чадвартай болгохын төлөө ажиллах болно.

Өнөөдрийн хэлэлцүүлгээс бодит санал, шинэ хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын шинэ боломжууд төрнө гэдэгт итгэлтэй байна. Та бүхэнд арга хэмжээний үйл ажиллагаанд амжилт хүсье” хэмээн хэллээ.

Мөн тус арга хэмжээнд Монголын Бизнесийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дарга Ц.Түмэнцогт үг хэлсэн.

  • Эдийн засаг, хөгжлийн яамны Макро эдийн засгийн бодлогын газрын дарга Б.Мөнх-Эрдэнэ “Монгол Улсын макро эдийн засгийн нөхцөл байдал” сэдвээр,

  • Төсвийн тогтвортой байдлын зөвлөлийн гишүүн Н.Энхбаяр “2027 оны улсын төсвийн төсөл, төсвийн бодлого болон бусад гол асуудлууд” сэдвээр,

  • “Монголын хөрөнгийн бирж” ХК-ийн Хяналт, зохицуулалтын газрын захирал А.Мөнхбаясгалан “Хөрөнгийн зах зээлээс санхүүжилт татах боломжууд” сэдвийн хүрээнд тус тус мэдээлэл хүргэсэн юм.

Төгсгөлд нь Монгол Улсын 2027 оны эдийн засаг, хөрөнгө оруулалтын төлөв: Бизнесүүдэд гарах боломж, нөлөөлөл сэдвээр нээлттэй хэлэлцүүлэг өрнүүлэв.

Тус арга хэмжээнд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Төслийн удирдлага, хөгжлийн газрын дарга Л.Баярмагнай, Сангийн яамны Санхүү, төсвийн судалгааны газрын дарга Л.Ичинноров,“BAFS X Mongolia” компанийн Монгол дахь захирал Л.Жавхлан, “Оюу Толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүн Э.Мэндтүвшин, Монгол Улсын Сайд бөгөөд Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргын ахлах зөвлөх бөгөөд Ажлын албаны дарга С.Мөрөн, Монгол Улсын Хөрөнгө оруулалт, худалдааны агентлагийн даргын үүрэг гүйцэтгэгч Б.Зандан болон төр, хувийн хэвшил, бизнесийн салбарын 100 гаруй төлөөлөл оролцлоо.

МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх