Амралт, аялал зугаалгын улирал болон олон хоногоор үргэлжилж буй баяр наадмын өдрүүдэд иргэд, олон нийтийн эрүүл мэнд, амь нас, аюулгүй байдлыг хангах хүрээнд Онцгой байдлын байгууллагаас улсын хэмжээнд усыг “Бүү бас” аяныг өрнүүлж байна.
Энэхүү аянд Монголын улаан загалмай нийгэмлэг нэгдэж, баяр наадмын өдрүүдэд иргэдийн аюулгүй байдлыг хангаж ажиллажээ.
Хан-Уул, Баянзүрх, Сонгинохайрхан дүүргийн Улаан загалмайн Дунд шатны хорооноос нийт 40 сайн дурын идэвхтэн дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчидтай хамтран Гацууртын Хар усан тохой, Яармагийн гүүрнээс Нисэхийн хадан хясаа, Сонсголонгийн гүүр хүртэлх голын эрэг дагуу явган болон завьт эргүүл хийж, амарч, зугаалж яваа иргэдэд усны ослоос урьдчилан сэргийлэх талаар сэрэмжлүүлэг, мэдээлэл түгээсэн байна.
Мөн усны ослоос урьдчилан сэргийлэх сэрэмжлүүлэг, зөвлөмжийг голын эрэг дагууд үйл ажиллагаа явуулж буй түргэн хоолны явуулын цэгүүд, голын эрэг дагуух мэдээллийн самбаруудад байршуулжээ.
Сайн дурын идэвхтнүүд гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амралт, зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэж байх, гол, усны ойролцоо амарч зугаалахгүй байх, архи, согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохоос зайлсхийх, баталгаатай гүүр, гарам, гарц, тэмдэглэгээтэй газраар зорчих, гол усанд живж байгаа хүнд анхны тусламж үзүүлэх чадвартай байх, асар, майхан зэрэг түр сууцыг гол, мөрний ойролцоо, эрэг дагуу барихгүй байх, мэргэжлийн байгууллагаас өгч буй заавар, зөвлөмжийг дагаж мөрдөх, эрсдэлтэй нөхцөл байдлын талаар мэргэжлийн байгууллагад цаг алдалгүй мэдээлэхийг анхааруулж яриа таниулга хийснийг МУЗН мэдээлэв.

