АНУ-ын Вашингтон ДиСи орчимд сурч, ажиллан амьдарч буй монголчуудын Үндэсний их баяр наадам Виржиниа мужийн Арлингтон хотод 2026 оны 7 дугаар сарын 11-нд боллоо.
Баяр наадмыг нээж Монгол Улсаас АНУ-д суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин Сайд Ө.Батбаяр үг хэлж, наадамчин олонд мэндчилгээ дэвшүүлэв. Мөн баяр наадамд хүндэт зочноор уригдан оролцсон АНУ-ын Төрийн департаментын Япон, Солонгос, Монголын хэлтсийн орлогч даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч Мариа Сэнд үг хэлэв.
Монгол Улсын Төрийн далбааг мандуулах ёслолыг Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ-ны Батлан хамгаалахын атташе, Хурандаа Д.Ганхуяг удирдаж, Хурандаа Р.Энхболд, хурандаа М.Түвшинжаргал нар Төрийн далбааг мандуулав.
Наадмын хүчит бөхийн барилдаанд улс, аймаг, сумын цолтой чансаа өндөр 32 бөх зодоглож, шагайн харваа, сурын харваа, хүүхдийн гүйлт, шагайгаар морь уралдуулах зэрэг олон төрлийн уламжлалт болон орчин үеийн тэмцээнийг хослуулан зохион байгуулав.
Энэ жилийн наадмыг Гадаад харилцааны яамны дэмжлэгтэй Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ, Вашингтон ДиСи орчмын монголчуудын холбоо болон бусад ТББ-уудтай хамтран зохион байгууллаа.
Наадмын найруулагчаар “Анура мюзик” сургалтын төвийн үүсгэн байгуулагч, найруулагч У.Хатанболд, хөтлөгчөөр Л.Бөртэ-Үжин, Б.Ойдовдорж нар ажилласан бол наадамд дотоод, гадаадын нийт 2000 гаруй иргэн оролцож, дэнж хотойтол сайхан наадлаа гэж Монгол Улсаас АНУ-д суугаа ЭСЯ мэдээлэв.









