Пиклболыг 2032 оны Олимпын хөтөлбөрт багтаахыг зорьж байна

ТОКИО, 2026 оны наймдугаар сарын 17 /Kyodo/. Пиклбол нь сүүлийн үед япончуудын дунд түгээмэл спортын төрөл болж, сүүлийн нэг жилийн дотор сонирхогчдын тоо долоо дахин өссөн байна. Спортын энэхүү төрлийг Олимпын хөтөлбөрт оруулахыг зорьж буй энэ үед Токио хотноо өнгөрсөн сард Азийн цуврал тэмцээнийг анх удаа зохион байгуулжээ.

Пиклбол бол АНУ-д анх үүссэн, бадминтоныхтой ижил хэмжээтэй талбайд нүхтэй хуванцар бөмбөгийг тор давуулан цохиураар цохиж тоглодог спортын төрөл юм.

АНУ-д ойролцоогоор 24.3 сая хүн пиклбол тоглож байна. Япон улс 330 мянга орчим тоглогчтойгоор араас нь нэхэж байгаа бөгөөд өнгөрсөн ганцхан жилийн дотор энэ тоо долоо дахин гаруй өссөн гэж пиклболын сэдвээр дагнадаг Японы хэвлэлд бичжээ.

Долоодугаар сарын эхээр Тачикава хотод болсон Мэргэжлийн пиклболын холбооны Азийн цуврал тэмцээнд АНУ болон Азиас 100 орчим мэргэжлийн тамирчид, 300 гаруй сонирхогчид оролцлоо. Аваргын төлөөх тоглолт олон үзэгчдийн сонирхлыг татсан бөгөөд тэдний дотор хунтайж Такамадогийн бэлэвсэн гэргий Хисако гүнж байв.

Эрэгтэйчүүдийн хос тоглолтод аваргалсан Юта Фүнэмизү ярихдаа “хэрвээ бид энэ тоглоом ямар хөгжилтэй болохыг харуулж чадвал Японд жинхэнэ утгаараа давлагаа үүснэ гэж бодож байна” гэлээ.

Австралийн Брисбен хотод болох 2032 оны зуны Олимпын наадмын хөтөлбөрт энэхүү спортын төрлийг оруулахын тулд Японы пиклболын хоёр холбоо нэгдэн, дөрөвдүгээр сараас Японы Пиклболын Холбоо гэсэн нэртэйгээр үйл ажиллагаагаа явуулж эхэлжээ. Тус холбоо зургаадугаар сард Японы Спортын Холбоонд элссэн байна.

Японы Пиклболын Холбооны дарга Рика Риордан “Хоёр холбоо нэгдсэнээр дүрэм, үзэл баримттлал, тэмцээний хэлбэр зохион байгуулалтыг жигдрүүлж, улмаар орон нутгийн захиргаа, сургуулиудтай холбоо тогтоох боломжтой болно” хэмээн ярилаа.

Пиклболыг 2032 оны Олимпын хөтөлбөрт багтаахыг зорьж байна

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн