Эрүүл мэндийн яам ОХУ-ын Эрхүү хотын тарваган тахлын эсрэг хүрээлэнгийн лаборант нас барсан тухай мэдээллийн дараа Монгол Улсад үүсэх эрсдэлийг бага гэж үнэлжээ. Үнэлгээг 2026 оны аравдугаар сарын 2-ноос гарсан мэдээллийн дагуу холбогдох байгууллагууд хамтран хийсэн.

Хөрш улсын Эрхүү дэх Сибирь, Алс Дорнодын тарваган тахал эсэргүүцэн судлах эрдэм шинжилгээний хүрээлэнгийн лаборант тарваган тахлаар нас барсан байж болзошгүй тухай мэдээлэл аравдугаар сарын 2-ноос хэвлэлээр гарсан. Эрхүүгийн хүрээлэнгийн ажилтан нас барсны дараа Трамп туслахад бэлэн гэж мэдэгдсэн тухай Голмедээ өмнө нь бичсэн.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв тус хүрээлэнд албан ёсны мэдээлэл хүсэхэд ОХУ-ын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, хүний сайн сайхан байдлын хяналтын холбооны алба хянан шалгалт хийж, тарваган тахлын сэжигтэй тохиолдол батлагдаагүй тухай цахим шуудангаар ирүүлсэн байна.

Хяналтын байгууллагын аравдугаар сарын 4-ний мэдээллээр хүрээлэнд эмгэг төрүүлэгчтэй ажиллах үед осол, зөрчил гараагүй. Лаборантын ажилтай холбоотой бичил биетэн илрээгүй, оношийг “шалтгаан тодорхойгүй уушгины хатгалгаа” гэж тавьжээ. Эрхүү болон Шелехов хотын эрүүл ахуй, халдварын нөхцөл байдал тайван байна гэж мэдэгдсэн.

Эрүүл мэндийн яам, Гаалийн ерөнхий газар, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв Эрүүл мэндийн сайд, Шадар сайдын хамтарсан А/218/134 дүгээр тушаалын дагуу түргэвчилсэн үнэлгээ хийж, эрсдэлийг “бага” гэж дүгнэсэн.

Эрсдэл бага ч урьдчилан сэргийлэх тандалт, хяналтыг үргэлжлүүлэхийг яам холбогдох байгууллагуудад даалгасан.

Зоонозын өвчин судлалын үндэсний төв Эрхүүгийн хүрээлэнгээс албан мэдээллийг тогтмол авч, нөхцөл байдлыг тандана. Олон улсад мэдээлэгдэж буй халдварт өвчин, нийтийн эрүүл мэндийн үйл явдалд өдөр тутам цахим тандалт хийж, холбогдох байгууллагыг шуурхай мэдээлнэ.

Гаалийн ерөнхий газар хилийн нэвтрэх цэгийн хяналтыг сайжруулж, нөөц, бэлэн байдлыг ханган, салбар хоорондын мэдээлэл солилцоог тогтмолжуулна. Сэлэнгэ аймгийн хилийн боомтын үйл ажиллагаа хэвийн үргэлжилж, хилийн эрүүл мэндийн тандалт, хяналт хийгдэж байна.

Эрүүл мэндийн яам нөхцөл байдлыг холбогдох байгууллагуудтай хамтран тогтмол үнэлж, энэ тохиолдолтой холбоотой баталгаатай албан мэдээллийг олон нийтэд хүргэнэ.

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн