Оросын нисгэгчгүй онгоц Молдавын агаарын орон зайд нэвтэрсний улмаас Украины Ерөнхийлөгч В.Зеленскийг Норвеги улс руу тээвэрлэх нислэг мягмар гараг /2026.09.08/-т түр хойшилжээ.
Молдавын эрх баригчид тийрэлтэт хөдөлгүүртэй дрон тус улсын агаарын орон зайд нэвтэрснийг илрүүлсний дараа аюулгүй байдлын үүднээс агаарын орон зайгаа түр хаасан байна. Энэ үеэр В.Зеленскийн онгоц Молдавын нийслэл Кишинев хотын олон улсын нисэх онгоцны буудлаас хөөрөхөөр хүлээж байжээ.
Дрон унасны дараа нислэгийг үргэлжлүүлэх зөвшөөрөл олгосон бөгөөд уг дрон нисэх онгоцны буудлаас ойролцоогоор 160 километрийн зайд дэлбэрсэн талаар Associated Press мэдээлсэн байна.
Молдав улсаас АНУ-д суугаа Элчин сайд Владислав Кулмински энэ явдлыг санамсаргүй хэрэг гэж үзэхэд бэрх хэмээн мэдэгджээ. Түүний хэлснээр, Украины Ерөнхийлөгч гадаад айлчлал хийхдээ Молдавын агаарын орон зайг ашигладгийг олон нийт мэддэг учраас уг үйл явдлыг мөрдөн шалгаж байгаа аж. Гэсэн ч Молдавын эрх баригчид дроныг В.Зеленский болон түүний онгоцыг онилсон гэж одоогоор албан ёсоор дүгнээгүй бөгөөд мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна. Кремлийн зүгээс уг асуудлаар тайлбар хийгээгүй байна.
В.Зеленский Норвеги улсын хаан V Харалдын оршуулгын ёслолд оролцохоор явж байсан бөгөөд Норвегийн Ерөнхий сайд Йонас Гар Стөре энэ үеэр Украины төрийн тэргүүн ямар нөхцөл байдалтай нүүр тулж байгааг онцолжээ. Мөн тухайн өдөр өөр нэг дрон Молдавын агаарын орон зайд нэвтэрч, улмаар Румыны нутаг дэвсгэр рүү чиглэн ниссэн талаар Молдавын албаныхан мэдээлсэн байна. Үүний дараа В.Зеленский өчигдөр /2026.09.09/ Канадад хүрэлцэн ирж, Ерөнхий сайд Марк Карнигийн Засгийн газрын хуралдаанд оролцохоор төлөвлөжээ.
Эх сурвалж: CNN
