Цувж явсан барнаас цуглаж суусан шаазгай дээр гэж монголчууд бид эртнээс хэлж, сургаж ирсэн ард түмэн. Үүний нэг илэрхийлэл нь ардчилсан Үндсэн хуулиа баталж, хууль батлах парламентаа ардчилсан сонгуулиар сонгодог тогтолцоог бий болгоод 30 гаруй жил болж байна.  

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нара парламентад орж ирсэн цагаасаа л олны дургүйцлийн дундуур, явсаар ирсэн. Тухайлбал, өнгөрсөн гуравдугаар сард л гэхэд УИХ-ын Ёс зүйн дэд хороонд М.Нарантуяа-Нара гишүүнтэй холбоотой 48 гомдол ирсэн байдаг. Харин сүүлийн үед М.Нарантуяа- Нара гишүүн Казак иргэдийг доромжилж, “Хасагууд”, “Цагаачид”, “Монгол Улсын нутаг дэвсгэрээс яв” гэх мэтчилэн үгсийг амныхаа завсар зай бүрээр чулуудаж байгаа гэхэд хилсдэхгүй.

М.Нарантуяа-Нарагийн хувийн сошиал хаяг “Хасаг”, “Цагаач” болон “хараалын үгсээр дүүрч”, микрофоноор үг хэлэх боломж гарах бүрт энэ хүмүүсийг гадуурхсан үг хаях болоод буй.

Үүнээс улбаалан өчигдөр /2026.09.08/ цагдаагийн бэлтгэл хурандаа К.Женисгүл  “УИХ-ын гишүүн М.Нарантуяа-Нарагийн зохисгүй үйлдэл, эс үйлдэхүйг хараад үнэхээр хэрээс хэтэрч байна хэмээн үзэж “Монгол Улсын Их Хурлын Ёс зүйн дэд хороо”-нд өргөдөл гаргасан нь багагүй шуугиан тарилаа. Тэр ч байтугай Ёс зүйн дэд хороонд гаргасан өргөдөл М.Нарантуяа-Нарагийн хараанд ч мөн өртөөд амжжээ.

Тодруулбал, тус өргөдлийн хариуд М.Нарантуяа-Нара өөрийн цахим хуудсаараа дамжуулан “Мөдхөн Монгол Улсын Ерөнхийлөгч Хасаг хүн болж Монголчуудыг нийтээр нь ажлын байраар хахаж хавчиж, амьдралын нөхцлөөр дарамталж, үр хүүхдээр нь айлган заналхийлэх нь сонин биш нийгэмд хөл тавих нь дээ …” зэргээр бичсэн байв.

Гэтэл дээрх өргөдөл нь М.Нарантуяа-Нара гишүүнд “Хасаг” гэх дуудсанаараа хууль зөрчөөд байгааг нь л сануулаад байгаа юм. Тодруулбал,  Монгол Улсын Үндсэн хуулийн 14.2-т Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно. Хүн бүр эрх зүйн этгээд байна гэж УИХ-ын эрхэм гишүүний сурахыг шаардаад буй монгол хэлээр дурайтал бичсэн байдаг.

М.Нарантуяа-Нара гишүүний сүүлийн үеийн “солиорол” ганц энэ биш юм. Тодруулбал, УИХ-ын ээлжит бус чуулган эхэлж, 2026 оны төсвийн тодотголыг хэлэлцэх үеэр тэрбээр “Миний хувьд Н.Учрал Ерөнхий сайдын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээрээ огцор гэхгүй. Харин тодорхой нэг яамдынхаа сайд нарыг солимоор байна. Жишээлбэл, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яамны сайд Т.Аубакир сайдыг сольж өгнө үү гэж хүсч байна. Үүнийг яагаад хэлж байна вэ гэхээр үндэстэн ястнаар ялгаварлан гадуурхсандаа биш өнгөрсөн хугацаанд Монгол Улсын төр засагт гарсан, Монгол Улсаас урвасан К.Зардыхан, Бөкөн, Коптелеу, Жекей, А.Мурат зэргийн гишүүдээс харж байгаад би энэ Монгол Улсын Засгийн газрыг Монгол Улсын бодлогын яамыг Т.Аубакир гишүүнээр удирдуулахгүй байх саналыг гаргаж байна” хэмээн хээв нэг ярьж суулаа. Товчхондоо, УИХ-ын чуулганы хүндэт ширээний ард суусан “хүндэт хууль тогтоогч” хурлын микрофоноор дамжуулан улсынхаа “Үндсэн хуулийг зөрчсөн” юм.

ВИДЕО: 

Тодруулбал, Монгол Улсын Үндсэн хуулийн 23.1-т Улсын Их Хурлын гишүүн бол ард түмний элч мөн бөгөөд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн баримтална гэсэн байдаг.  

Тэгвэл УИХ-ын гишүүн М.Нарантуяа- Нара бол яалтачгүй л хоёр жилийн өмнө жагсаалтаар сонгогдож, яах аргагүй л гишүүнийг тэмдэгээ зүүгээд  төрийн ордонд алхаж яваа хүн мөн билээ. Гэтэл өнөөг хүртэл өөрийгөө монголын нийт иргэдийг төлөөлж байгааг “мэдээгүй” яваа юм байна. Учир нь тэрбээр мөн л өөрийн цахим хуудсандаа  “Би энд хасгуудыг төлөөлж орж ирээгүй учраас Монгол орны хаа нэгтээ хасгуудад доромжлуулан дээрэлхүүлж нутаг усаа орхин гарч байгаа монгол хүнийхээ төлөө ажиллах үүргээ сахих болно. Харин иргэдийг төлөөлж байгаа гишүүнийг үг хэлүүлэхгүй байлгах, үзэл бодлыг нь буруутгаж, ялгаварлан гадуурхах, шууд гэмт хэрэг үйлдсэнд тооцож шийтгэл хүлээлгэх санал өгөх энэ тэр чинь өөрөө хууль бус үйлдэл юм” гэжээ.

Хэрвээ гишүүн өөрөө хууль бус, хууль ёсны байхын зааг ялгааг мэддэг юм бол Эрүүгийн хуулийн нэгэн заалтыг ч сөхөн харж болох юм. Энэ заалттай холбоотой хамгийн сүүлийн жишээ дурдвал, философич С.Молор-Эрдэнийг Тагнуулын байгууллагаас Эрүүгийн хуулийн 19.9 дэх зааснаар буюу Үндэсний эв нэгдлийг бусниулах гэсэн зүйлээр буруутган шалгаж  ШШГЕГ-ын харьяа Хорих 461-р ангид цагдан хориод байгаа. Үүнийг М.Нарантуяа-Нара гишүүний ярьж буй зүйлтэй хөрвүүлэн харвал эрхэм гишүүн “цаг, минут тутам Эрүүгийн хууль зөрчиж байгаа” гэхэд хилсдэхгүй болоод байгаа юм.  

Хэлэлцэх 0

Сэтгэгдэл үлдээх

Таны имэйл хаягийг нийтэд харуулахгүй. Заавал бөглөх талбарыг * тэмдэглэсэн