Ардчилсан нам 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтэй гишүүдийнхээ бүртгэлийг хэдэн сарын өмнөөс цахимаар авч эхэлсэн. Тухайн үед АН нэр дэвшигчдээ илүү шударга, нээлттэй тогтолцоогоор шалгаруулна хэмээн мэдэгдэж байсан юм.
Гэтэл 2028 оны УИХ-ын сонгуульд нэр дэвших хүсэлтээ цахимаар илэрхийлсэн зарим хүн рүү дүүргийн Ардчилсан намын хорооноос холбогдож, “мөнгө өгч байж онооны системд орно” гэсэн шаардлага тавьж эхэлжээ. Товчхондоо, АН-ын нэр дэвшигчийг бодлого, мэдлэг, үнэлгээ, олон нийтийн дэмжлэгээр бус, “хэний халаас хэр зузаан бэ” гэдгээр нь шалгаруулах тогтолцоо бий болж байна гэсэн үг.
Өөрөөр хэлбэл, ардчилал, эрх чөлөө, иргэдийн сонгох, сонгогдох эрхийн тухай ярьдаг улс төрийн нам өөрөө нэр дэвших боломжийн өмнө “мөнгөний босго” тавьж эхэлжээ.
АН доторх мөнгөтэй холбоотой асуудал үүгээр дуусахгүй гэх мэдээлэл ч байна. Тодруулбал, намын удирдах болон сонгуульт албан тушаалд өрсөлдөх хүмүүсээс дараах хэмжээний дэнчин, төлбөр авдаг гэх мэдээлэл байгаа юм. Тодруулбал, АН-ын даргад нэр дэвших хүн 200 сая төгрөг, Нийслэлийн намын хорооны даргад 80 сая төгрөг, дунд шатны намын байгууллагын даргад 30 сая төгрөг, Үндэсний бодлогын хорооны гишүүнд өрсөлдөх хүн 10 сая төгрөг, Ардчилсан залуучуудын холбооны тэргүүнд нэр дэвших хүн 50 сая төгрөг, харин Нийслэлийн намын хорооны гишүүн болохын тулд 4 сая төгрөг төлдөг гэх мэдээлэл байна.
Товчхондоо, 200 сая төгрөг төлөх боломжгүй ч улс төрийн өндөр боловсролтой, бодлогын мэдлэгтэй, олон нийтийн дэмжлэгтэй хүн АН-ын даргад өрсөлдөх боломжтой юу эсвэл 10 сая төгрөг гаргаж чадахгүй хүн ҮБХ-ны гишүүн болох тухай ярих ч хэрэггүй юу.
Хэрэв улс төрийн намын дотоод өрсөлдөөнд мөнгө хамгийн эхний шалгуур болж эхэлбэл ардчиллын гол зарчим болох тэгш боломж хамгийн түрүүнд алга болно. Учир нь мөнгөтэй хүн өрсөлдөх эрхтэй, мөнгөгүй хүн өрсөлдөх боломжгүй болсон улс төрд бодлого биш хөрөнгө, чадвар биш санхүүгийн боломж шийдвэрлэх хүчин зүйл болдог.
АН өөрийн албан ёсны үзэл баримтлалдаа хүний эрх, эрх чөлөө, иргэдийн оролцоо, ил тод байдал, хариуцлагатай улс төрийг үнэт зүйлээ гэж тодорхойлдог. Гэтэл 2028 оны сонгуульд нэр дэвших хүсэлт гаргасан хүмүүсээс “онооны системд оруулах” нэрээр мөнгө шаардаад эхэлжээ.
