НАГЕКЕО, 2026 оны наймдугаар сарын 18 /Reuters/. Индонезийн зүүн нутагт газар хөдөлж, орон сууц, байшин барилга, гүүрнүүд эвдрэн нурж байх үед Мариа Флорида Ного Келен охиноо төрүүлж байлаа.
Тус улсад 2022 оноос хойш болсон хамгийн аймшигт байгалийн гамшигт үзэгдэл болох 7.7 магнитудын хүчтэй газар хөдлөлт болон түүний дараах цуврал чичирхийлэл Зүүн Нуса Тенгара мужид эвдрэл сүйрэл авчирч байхтай зэрэгцэн 39 настай эмэгтэй яаралтай хагалгаанд орж, газар хөдлөлтийн доргилт, сульдаж доройтсон биеийн байдалтайгаа тэмцсээр байгаад дөрөв дэх хүүхдээ төрүүлжээ.
Газар хөдлөлтийн голомттой ойрхон орших Нагекео бүс нутагт амьдардаг Мариа “Хагалгааны үеэр би айгаагүй. Би хүүхдүүдийнхээ төлөө эрүүл байх ёстой” гэж хэлжээ.
Жирэмслэлт хүндэрч, эх, хүүхэд хоёуланд нь эрсдэл учирсан тул тэрбээр хоёр сарын өмнө дутуу амаржсан бөгөөд эмнэлгийн барилга хүчтэй чичирхийлж, цахилгаан тасалдаж байсан үеэр эмч нар хагалгаа хийхийн тулд гар чийдэн ашиглахад хүрчээ. Хэрвээ төрөлтийг хойшлуулсан бол Мариагийн хувьд үхэлд ч хүргэж болзошгүй аюултай таталт өгөх эрсдэлтэй байсан гэж эмч нар хэллээ.
Эх баригч эмч Йона Сара Пардеде “бидэнд өөр сонголт байгаагүй. Хүн л болсон хойно бид айж байсан … хүүхэд жижигхэн байсан тул хагалгаа хүндхэн байлаа. Бурхан минь, бидэнд туслаач гэж би залбирч байв. Бидэнд амьсгалын аппарат ч байгаагүй” хэмээн ярьжээ.
Эцэст нь Гемпита охинд хорвоод мэндэлсэн бөгөөд түүнд индонез хэлний газар хөдлөлт буюу ‘Gempa’ гэдэг үгнээс гаралтай нэр өгчээ.

